2015-02-16

MҮОХ-ны үүсэн байгуулагдсан цаг үе



MҮОХ-ны үүсэн байгуулагдсан цаг үе

Манай оронд 1950-иад оны эхэн үе гэхэд биеийн тамир спортын нийтийн нийтийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж, орчин үеийн спортын төрлүүдээр хичээллэх залуучуудын тоо эрс өсч, олон улсын чанартай уралдаан тэмцээн , наадмуудад оролцож эхэлсний зэрэгцээ энэ ажлыг удирдан зохион байгуулах олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагууд олширч байлаа.

Нэгэн ийм хөгжилд хүрээд байгаа БТС-ын хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаанд нэгтгэх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхуулах шаардлагын үүднээс МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 2-р сарын 26-ны өдрийн хамтарсан 42/37 тоот тогтоолоор Монголын Үндэсний Олимпийн Хороог байгуулсан байна.

МҮОХ байгуулагдсан цагаасаа эхлэн их спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд спортын үндэсний холбоодыг эмхлэн байгуулж, улмаар тэдгээрийг олон улсын спортын холбоодын гишүүнээр элсүүлэхэд анхаарч иржээ.

МҮОХ эх орондоо олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, өсвөр, залуу үеийг олимпийн үзэл санаагаар хүмүүжүүлэхэд олон улсын байгууллагын зөвлөмж, дэмжлэг туслалцааг авах зорилгоор Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр элсэх саналаа 1960 онд илэрхийлжээ. Тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал “Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Олимпийн хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн бүх санаачилгыг дэмжин өөрийн оронд биеийн тамир спортыг хөгжүүлнэ” гэсэн батламж бичгийг МҮОХ-ны өргөдлийн хамт ОУОХ-нд илгээжээ.

ОУОХ 1925 оны 6-р сарын 05-ны өдөр Прага хотод хуралдсан 24-р чуулганаараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь МҮОХ-г олимпийн их гэр бүлд нэгдэх эрх зүйн үндсийг нэгэнт буй болгосон байлаа.

ОУОХ 1962 онд Москвад хуралдсан 60-р чуулганаараа МҮОХ-г өөрийн бүрэн эрхт 69 дэх гишүүнээрээ элсүүлэн авчээ.

МҮОХ байгуулагдаж, Олон Улсын байгууллагын гишүүн болсон хэдий ч тухайн үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос хамаарч биеэ даасан үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдээгүй, зөвхөн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байжээ.

Манай улс 1990-ээд оны эхэн үеэс нийгмийн шинэ харилцаанд шилжсэнтэй уялдаж, МҮОХ Олимпийн Хартийн зарчмыг үндэслэн шинэчлэн зохион байгуулагдаж, бие даасан, хараат бус, бүтээлч үйл ажиллагааг явуулж эхлэсэн байна.

МҮОХ нь Олон Улсын Олимпийн Харти /дүрэм/-ийг удирдлага болгож, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон  олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД