АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
Огноо:
2018-08-13

Таг:
Мэдээ, Жакарта 2018

Мэдээ

АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембан хотуудад зохион байгуулагдах билээ.

Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм.

Өнөөдөр "Жакарта – Палембан – 2018" Азийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Спортын төв ордны А зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ёслолд БСШУС Дэд сайд Г.Ганбаяр, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Жакарта – Палембан – 2018 Азийн наадмын Монголын багийн ахлагч Ц.Сандуй, Ж.Түмэн-Аюуш нар болон ЗГХА БТСГ-ын удирдлагууд оролцож баг тамирчдад амжилт хүсэв.

Энэ удаагийн наадамд Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, дасгалжуулагчдыг төлөөлж байт харвааны дасгалжуулагч Ж.Нарантуяа, шүүгчдийг төлөөлж самбо бөхийн олон улсын шүүгч Х.Батхишиг нар тангараг өргөсөн бол "Жакарта-Палембан-2018" Азийн наадамд Монгол улсын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Н.Золбоо томилогдов.

 


Таг: Мэдээ, Жакарта 2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД