МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ХУРАЛДЛАА
Огноо:
2019-03-29

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ХУРАЛДЛАА

Өнөөдөр/2019.03.29/ Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулагдлаа. 

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

  • Монголын үндэсний олимпийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав.
  • Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог элсүүлж батлав.
  • Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхийг батлав.

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2018 он нь Монголын баг тамирчид олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн аварга төрсний 10 жилийн түүхэн ой тохиосон онцлох жил байсан бөгөөд МҮОХ-ноос Олимпийн боловсрол, сургалт сурталчилгааг онцолж, эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллав.

МҮОХ-ноос 2018 онд Удирдлага-зохион байгуулалт, Олимпийн боловсрол, Сургалт сурталчилгаа, Спорт холбоодын хамтын ажиллагаа, Гадаад харилцаа, Наадмууд болон ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд гэсэн 6 үндсэн чиглэлийн хүрээнд 60 ажил төлөвлөснөөс 58-ийг нь буюу 96,6 хувийг нь бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

2018 онд "Пёнчан-2018" өвлийн XXIII олимпийн наадам, "Жакарта-Палембан - 2018" Азийн XVIII наадам, "Буэнос-Айрес -2018" Залуучуудын III олимпийн наадам зохион байгуулагдаж, МҮОХ-ноос баг тамирчдаа зохион байгуулж оролцов.

МҮОХ нь гишүүн спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, арга зүйн зөвлөмжөөр хангахыг эрхэмлэж, ОУОХ-ны хөтөлбөрийн дагуу олон улсын дасгалжуулагчийн курсийг Чөлөөт бөх, Байт харваа, Буудлага, Гандбол, Рагбигийн холбоодтой хамтран зохион байгуулав.

Өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Монголын үндэсний  олимпийн хороо болон Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаж, 350 гаруй сургууль хамрагдсан байна.

 

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголын үндэсний олимпийн хорооны Маркетинг хариуцсан нарийн бичиг А.Ундрал 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг танилцуулж, Гишүүд хэлэлцэн батлав.

Монголын үндэсний олимпийн хороо нь 2019 онд Удирдлага зохион байгуулалт, Олимпийн боловсрол, Спорт холбоод, Гадаад харилцаа, Наадмууд, ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, Санхүү аж ахуйн 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлнэ.

 

ХЯНАН ШАЛГАХ ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭВ

Монголын үндэсний олимпийн хорооны Хянан шалгах зөвлөлийн дарга Ж.Баянцагаан, Нарийн бичгийн дарга Б.Баттүшиг нар Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа, санхүүгийн хяналтуудыг хийж мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэв.

            

ШИНЭ ГИШҮҮН ХОЛБООД

МҮОХ-ны Дүрмийн 5.1.1, 5.1.2-р заалтыг үндэслэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэхийг Гишүүд дэмжин баталлаа.

Энэ удаагийн Гишүүдийн хурлаар шинээр 2 холбоо элсэж, Монголын үндэсний олимпийн хороонд нийт 75 холбоод гишүүнчлэлтэй болов.

 

ШИНЭ ГИШҮҮД

МҮОХ-ны зарим гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, дараах хүмүүсийг гишүүнээр батлав.

  • Э. Нандинзүрх - Монголын  Боулингийн холбоо
  • З. Энхболд - Монголын теннисний холбоо
  • Ж. Батжаргал - Монголын теннисний холбоо
  • А. Ундраа - Монголын Даамын холбоо
  • Ц. Цэвэрбал - Монголын сагсан бөмбөгийн холбоо
  • Б. Дамба - Монголын сагсан бөмбөгийн холбоо
  • С. Тулга - Монголын сагсан бөмбөгийн холбоо
  • Г. Батсайхан - Монголын Усан спорт сонирхогчдын холбоо
  • Ж. Оджаргал - Монголын Усан спорт сонирхогчдын холбоо
  • Б. Онон - Монголын Тэквондогийн холбоо
  • Б. Солонго - Монголын Бадминтон сонирхогчдын холбоо
  • Ш. Батбаяр- Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо
  • Д. Цогтбаатар - Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо
  • Б. Буянтогтох - Говь-Сүмбэр аймгийн "Антверпин" олимпийн зөвлөл
  • Д. Мөнхбаяр - Налайх дүүргийн "Лиллихаммер" олимпийн зөвлөл
  • М.Сарантуяа - Монголын Кэндогийн холбоо

МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ-2019 - ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД