БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2019-04-08

Таг:
Мэдээ

Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний хөгжил улам бүр эрчимжихийн зэрэгцээ эдгээр хөдөлгөөний зорилго, зорилт, агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдах боллоо.

Ялангуяа өсвөр үеийн бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, тэдэнд олимпийн соёл, үнэт зүйл ба олимпийн боловсрол хүмүүжлийг эзэмшүүлэх асуудал чухал ач холбогдолтой болж байна.

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” “Биеийн тамир, спортын тухай” хууль болон бусад томоохон хөтөлбөр, баримт бичгүүдийн заалтуудыг  хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх, оюутан сурагчдын бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудлууд болон хүүхдийн спортын хөгжлийг бүх талаар хангах, олимпын боловсролын түвшинг дээшлүүлэх зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх ба  “Зөвлөмж” хэлэлцэн батлах зорилгоор биеийн тамирын багш, дасгалжуулагчдын “Бие бялдрын боловсрол – Олимпизм – Хүүхдийн спорт” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөнийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд манай улсын биеийн тамир, спортын төрийн захиргааны төв байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир, спортын газар ба  аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамирын спортын газар болон Боловсролын газар, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Үндэсний Олимпийн Академи, Спортын холбоод, их, дээд сургууль, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль ба ерөнхий боловсролын сургууль, спортын клубуудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, эрдэмтэн, судлаач 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогчдоос сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх ба тэдний дунд зохион байгуулах биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжлийн ажил болон олимпийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, оролцоог дээшлүүлэх, хүүхдийн биеийн тамир, спортын эрчимтэй хөгжил, төгөлдөршлийг хангахад зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудтай холбоотой “Зөвлөмж” – ийг батлан гаргалаа.

ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

 

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН "БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ - ОЛИМПИЗМ - ХҮҮХДИЙН СПОРТ" СЭДЭВТ ӨРГӨТГӨСӨН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хот                                                                          2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

 

I.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД

  1. УИХ-аас батлагдан гарч буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хүүхэд залуучуудын оюун сэтгэхүй, ёс суртахуун, бие бялдрын боловсрол, хөгжил, төлөвшилтийн асуудлыг цогц байдлаар онцгойлон тусгах;
  2. Өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон биеийн тамир, спортын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгох;
  3. Шинээр хэлэлцэгдэж буй “Боловсролын тухай багц” хуульд оюутан, сурагчдын биеийн тамирын боловсрол, спортын дунд сургуулийн үйл ажиллагааны эрх зүйг зохицуулсан нэмэлт заалтуудыг тусгах.

II.МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

  1. Монгол улсын Засгийн газраас батлан гаргах “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, “Биеийн тамир, спортын хөгжүүлэх, зорилтот хөтөлбөр” зэрэг томоохон баримт, бичгүүдэд оюутан, сурагчдын бие бялдрын боловсрол, хүүхдийн спорт, олимпийн боловсролын талаар иж бүрэн заалт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган оруулах;
  2. Өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг тасралтгүй үр дүн, чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргах зорилгоор Спортын дунд сургуулиудыг аймаг, дүүрэг бүрд байгуулах ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх үүргийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт өгөх.

III.МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН  ЯАМАНД

  1. Их, дээд сургуулийн биеийн тамирын сургалтын багц цагийг 3 кредит болгох судалгааг хийх, 1 кредит цагийн жишиг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллах
  2. Цэцэрлэг, тусгай хэрэгцээт боловсролын биеийн тамирын багш бэлтгэх асуудалд анхаарч, тогтолцоог шинэчлэн сайжруулах Их, дээд болон ЕБС – ийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт Хүн амын бие бялдрын хөгжлийн сорилыг оруулах асуудлыг шийдвэрлэх
  3. Тусгай хэрэгцээт боловсролын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, тусгай сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, орчин хэрэглэгдэхүүнийг сайжруулах
  4. Боловсролын байгууллага, АА-н нэгж байгууллагуудын суралцагч, ажилтан, мэргэжилтнүүдийн дунд зохиох биеийн тамирын арга хэмжээг чанаржуулах, арга зүйчдийг мэргэшүүлэх
  5. БТС-ын секц, дугуйлан, уралдаан тэмцээн болон сурагчдын дунд зохиох спорт, бие бялдрын хүмүүжлийн ажлын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох;
  6. Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулиудын онцлогт тохирсон ерөнхий эрдмийн хичээлийн  “Сургалтын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэх;
  7. ЕБС-ийн сургуулийн биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудал, бүтээлч идэвх, санаачилгыг дэмжин өрнүүлэх асуудлаар цогц хөтөлбөр, шийдвэр гарган хэрэгжүүлэх;
  8. Өсвөр үе, залуучуудын бие бялдрын хүмүүжил, биеийн тамирын боловсрол, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй биеийн тамир, спортын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах ба төрийн зарим ажил, үйлчилгээг тэдгээрээр гэрээний дагуу гүйцэтгүүлэх;
  9. Их, дээд сургууль, ЕБС-ийн биеийн тамир, спортын материаллаг бааз, орчин нөхцөл, тоног, төхөөрөмж, хэрэгсэл, хэрэглэгдэхүүний хангамжийн түвшинг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээ авах;
  10. Биеийн тамирын багш нарын ажлын байрны нөхцөл, илүү цагийн хөлс, спортын төрлүүдийн секц, дугуйлан хичээллэх цагийн хөлсийг олгох асуудлыг шийдвэрлэх судалгаа гаргаж, үе шаттай арга хэмжээ авах;
  11. Биеийн тамирын боловсролын чанар, бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын  асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлт гаргаж, тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;
  12. Биеийн тамирын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийж, орчин нөхцөл, хэрэглэгдэхүүний стандарт гаргаж, сурагчдын мэдлэг, чадварын үнэлгээг боловсронгуй болгох;
  13. Спортын дунд сургууль, тусгай хэрэгцээт боловсролын биеийн тамирын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах;
  14. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтын чанарыг дээшлүүлэх, кредит сургалтыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  15. Биеийн тамир, спортын тухай хуулийг(шинэчилсэн найруулга)  хэрэгжүүлэх, холбогдох журмуудыг яаралтай батлан гаргаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  16. ЕБС-ийн сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт ба бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх болон спортын өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халаа болох өсвөрийн авьяаслаг, шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, биеийн тамирын багш, дасгалжуулагчдын хөдөлмөрийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2 жил тутам “Сурагчдын спортын наадам”-ыг боловсролын салбарын хэмжээнд зохион байгуулах;
  17. Аймаг, дүүргүүдэд төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулиудыг, ЕБС-д спортын гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг байгуулах ажлуудыг дэмжин тэдний үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  18. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон цаашид байгуулагдах биеийн тамир, спортын дунд сургуулиуд, спортын гүнзгийрүүлсэн ангиудад мэргэжлийн суурь боловсролын хичээл заахад зориулж “Хөнгөн атлетик” , “Спорт тоглоом”, “Мэргэжлийн удиртгал”, “Спортын сургалт-дасгалжуулалтын онол, заах арга зүйн үндэс” зэрэг ном, сурах бичгүүдийг бэлтгэн хэвлүүлэх ажлыг зохион байгуулах;
  19. Монгол улсын биеийн тамир, спортын дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх ба давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ажлын тогтолцоо ба чанар, агуулга, арга зүйд шинэчлэл хийх арга хэмжээ авах.

IV. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ- БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ

  1. Аймаг, орон нутагт биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд хүүхдийн спорт хариуцсан нэгжтэй байх;
  2. Улсын хэмжээний уралдаан тэмцээний тогтолцоо, төлөвлөгөөг боловсронгуй болгох;
  3. Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж буй дасгалжуулагч нарыг ЕБС-ийн багш нарын адил тэтгэлэг, урамшóулалд хамруулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
  4. Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжлийн ажил, спортын хөгжлийн асуудлаар холбогдох бусад агентлаг, газар, байгууллагуудтай хамтын ажиллагааны  “Гэрээ” байгуулан ажиллах;
  5. “Спорт ба хөгжил” сэдэвт Улсын зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмж болон зөвлөгөөний үеэр төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлсэн санал, санаачлаг, дүгнэлтүүдийг ажил хэрэг болгох талаар тодорхой төлөвлөгөө гарган шат дараалан хэрэгжүүлэх;
  6. “Биеийн тамир, спортын тухай” шинэчилсэн хуульд заасны дагуу өсвөр үеийн үндэсний шигшээ багийг байгуулан ажиллуулах;
  7. Өсвөрийн тамирчдын амжилтыг ахиулах үндсэн хүчин зүйл болсон сургалт-дасгалжуулалт ба уралдаан, тэмцээний цоо шинэ тогтолцоог боловсруулан 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх; (Архангай аймгийн жишээн дээр)
  8. Хүүхдийн спортын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг хангах талаар шуурхай арга хэмжээ авах;
  9. Хүүхдийн спортын наадам, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний заавар, журмыг цаг тухай бүрд нь батлан гаргаж байх;
  10. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын дунд сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж байх;
  11. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлыг зохион байгуулах.

V.НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООДОД

  1. Нийслэлийн хэмжээнд спортын заал, танхимгүй байгаа 8 сургуулийн асуудлыг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авах;
  2. Хүүхдийн спортыг хөгжүүлэх, өсвөрийн шигшээ баг байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж,  Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.5-р зүйл, заалтыг бүрэн хэрэгжүүлж, бусад холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллах;
  3. Биеийн тамирын багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө хөтөлбөр гарган, хэрэгжүүлж ажиллах;
  4. Биеийн тамирын сургалтын орчин, заал талбайн ашиглалтыг сайжруулахад анхаарч, өргөтгөх, шинээр барьж байгуулахад төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  5. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр Биеийн тамир, спортын тухай хуулийн 7, 8, 18.5-р зүйл, заалтыг бүрэн хэрэгжүүлж тодорхой төсөв хөрөнгө, төлөвлөгөө, хөтөлбөр батлан ажиллах;
  6. Аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газар, Олимпийн зөвлөл, аж ахуй нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн спортын уралдаан тэмцээн, бүх нийтийг хамарсан биеийн тамирын ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанарыг сайжруулах.
  7. Аймаг, нийслэл, дүүрэг бүрд  "Хүүхдийн спортын хөгжил ба тамирчдыг дэмжих   хөтөлбөр"-ийг бодитойгоор хэрэгжүүлэх;
  8. Аймаг, нийслэл, дүүрэг бүрд Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль байгуулах ажлыг бодитойгоор дэмжин хэрэгжүүлэх;
  9. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх, түүний дотор ЕБС-ийн биеийн тамирын хичээл, бие бялдрын хүмүүжлийн ажлыг зохион явуулах орчин, нөхцөлийг тогтмол дээшлүүлэх арга хэмжээ авах;

VI.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНД

  1. Дүүргүүдийн олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн чанар, үр дүнгийн шинэ төвшинд гаргах;
  2. Ерөнхий боловсролын сургуулиудын Олимпийн танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олимпийн боловсрол олгох төрөл бүрийн ажлыг зохион байгуулах;
  3. Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх ажлыг гадаад ба үндэсний хэмжээнд тогтмол зохион байгуулах;
  4. “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг жил бүр зохион байгуулах;

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Олимпийн сурах бичиг” -ийг бэлтгэн гаргах.

          Энэхүү Зөвлөмж -д тусгагдсан асуудлыг хэрэгжүүлснээр манай улсын биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг дээшлүүлэх, ялангуяа өсвөр үе, залуучуудын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах болон өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халаа болон өсвөрийн тамирчдыг тасралтгүй, үр дүнтэйгээр бэлтгэн гаргах, олимпийн боловсролыг өндөр түвшинд олгох бодит нөхцөл, боломж бүрдэх болно. 

ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД