ОЛИМПИЙН НААДМЫН ӨЛГИЙ НУТАГ "ОЛИМПИА"-ГИЙН ТУХАЙ
Огноо:
2019-05-15

Таг:
Мэдээ

Мэдээ

ОЛИМПИЙН НААДМЫН ӨЛГИЙ НУТАГ "ОЛИМПИА"-ГИЙН ТУХАЙ

“Олимпиа” нь зөвхөн орчин үеийн Олимпийн хөдөлгөөний төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьд ч чухал ач холбогдолтой газар юм. Энэ бол эртний Грекийн үед Олимпийн наадмыг анх зохион байгуулсан “ариун газар” билээ. “Олимпиа” нь Грекийн Кладеос мөрний нэгэн цутгал болох Альпиос голын сав газар дагуух үзэсгэлэнтэй хөндийд орших хамгийн ариун газар гэж тооцогддог байв. Ингэж тооцогдохын учир нь эртний Грекийн нэрт яруу найрагч Пиндар/НТӨ 518-438/ нь Олимпиагийн гайхалтай сайхан газар зүйн байршлыг магтан дуулж “хамгийн үзэсгэлэнтэй газар” гэж нэрлэсэнтэй холбоотой. Үүнээс гадна Олимпиад оршиж байсан хэмээгдэх ариун бурхдын тухай болон Олимпийн наадмыг үүсгэн байгуулсан агуу хүчирхэг баатруудын талаар олон домог байдаг.


Эртний Олимпийн наадам нь тухайн үеийн соёл иргэншил, оюун сэтгэлгээ, ёс суртахууны амьдралд томоохон байр суурь эзлэдэг байв. Тэрхүү баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэхэд зохимжтой газар зүйн байршил болон шашны эрхэмлэл дээдлэлийн үзэл санааг өөртөө нэгэн зэрэг агуулсан газар байх шаардлагад Олимпиа үнэхээр сайхан нийцсэн аж.

Тус газарт задгай цэнгэлдэх хүрээлэн, дугуй театр, спортын барилга байгууламжуудаас гадна мөргөлчдөд зориулсан сүм, байгууламжуудаас бүрдсэн цогцолбор байгуулагдсан байв. Уралдаан тэмцээн зохион байгуулахад цэнгэлдэх хүрээлэн нь хамгийн чухал газар бол Зевс бурхны агуу том хөшөө бүхий сүм нь хамгийн ариун дагшин хэсэгт тооцогддог байжээ. Ийнхүү Олимпиа нь нийт Грекчүүдийн биеийн тамир, спортын төдийгүй шүтлэг бишрэлийн орон байсан учир үндэсний оюун санааны төв нь болж байв.


Эртний Олимпийн наадмууд зохиогдож байсан тэр цаг үед Олимпиа нь олны анхаарлын төвд байж, эртний Грекийн биеийн тамир, спорт, урлаг, шүтлэг бишрэлийн цөм болсноор “Хелленизмийн хүйс” хэмээн нэрлэгдэж байв. Харин Олимпийн наадам таслагдан зогссоноор Олимпиагийн хөгжил цэцэглэлт улам бүр бууран доройтож, он цагийн уртад байгалийн үзэгдлүүдийн нөлөө болон хүмүүсийн зэрлэг бүдүүлэг зан авирын улмаас эвдрэн сүйдэхэд хүрсэн аж.

Гэвч XIX зууны үед олон зууныг дамжсан домгууд болон түүхэн тэмдэглэлд тулгуурлан энэхүү эртний дурсгалыг археологичид олж илрүүлснээр хүн төрөлхтөн анхаарлаа дахин хандуулсан билээ. Энэ үеэс хойш тус газарт судлаачид, археологичид, түүхчид, аялагчдаас гадна Олимпийн хөдөлгөөнд оролцогчид, дэмжигчид өв уламжлалаа эрхэмлэн дээдлэснээр эртний түүх, соёлоороо бахархсан энгийн оршин суугчид, жирийн хүмүүсийн хөл татарсангүй.


Орчин цагт эртний түүх, соёлын дэвшилтэт өв уламжлалаа эдүгээ хүртэл өвлөн буйн илэрхийлэл болгож, Олимпийн бамбарын галыг асаах ёслолыг Олимпиагаас эхлүүлэх болсон. Энэ бүхнийг харгалзан үзэж Олимпийн наадмын өлгий нутаг болох “Олимпиа”-д Олон улсын олимпийн академийг байгуулсан байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН АКАДЕМИ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД