ДҮҮРГИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Огноо:
2019-05-30

Таг:
Мэдээ

Мэдээ

ДҮҮРГИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдааныг 2 дахь удаагаа зохион байгуулж буй билээ.

“Жакарта – Палембан 2018” Азийн наадмыг угтан 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд өрнөсөн анхдугаар болзолт уралдаанаар Монгол улсын хэмжээнд 200 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд, 200,000 гаруй оролцогчид давхардсан тоогоор хамрагдаж, нийт 1000 орчим арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Энэхүү Болзолт уралдаан нь Өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангаж авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, мөн биеийн тамирын багш нарын бүтээлч байдал, идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх гол зорилготой.

Өнөөдөр/2019.05.30/ Дүүргийн олимпийн зөвлөлүүдийн удирдах ажилтны уулзалт – хэлэлцүүлэг МҮОХ-ны хурлын танхимд болж, болзолт уралдааны үйл ажиллагаа, явцыг эрчимжүүлэх, шинэлэг ажил, арга хэмжээг өргөжүүлэх, олимпийн зөвлөлүүд болон биеийн тамир, спортын газар, боловсролын хэлтсүүдийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлуудаар хэлэлцэв. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудад Олон улсын олимпийн хорооны олимпийн үнэт зүйл, соёл, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар онцлов.

Уулзалт - хэлэлцүүлэгт МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ОУОХ-ны хүндэт гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Дүүргийн олимпийн зөвлөлүүдийн удирдах ажилтнууд, Болзолт уралдааныг зохион байгуулах хорооны гишүүд оролцлоо.

Уулзалтаар “Токио – 2020” олимпийг наадмыг угтан “Болзолт уралдааны нэрэмжит аялан явах цом”-ыг дүүргийн олимпийн зөвлөлийн дарга нарт гардуулав. Тус цом нь Нийслэлийн нийт Ерөнхий боловсролын сургуулиудаар болзолт уралдаан явагдах хугацаанд аялах юм.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД