"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД - ТОЙМ МЭДЭЭ#1
Огноо:
2019-08-12

Таг:
Мэдээ, Наадмууд, Токио

Мэдээ

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД - ТОЙМ МЭДЭЭ#1

Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа /347 хоног/ үлдээд буй. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм.

Tokyo 2020 – Countdown

ТОВЧ:

Зохион байгуулагч: Токио /Япон/

Хугацаа: 2020.07.24 - 08.09

Төрөл: 33 спортын төрөл, 339 багц медаль

Уриа:  Ирээдүйгээ нээ /Discover Tomorrow, 未来(あした)をつかもう)/ 

 

ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХ АВСАН НЬ:

Зуны олимпийн XXXII наадмыг зохион байгуулахаар Туркийн Стамбул, Испаний Мадрид, Японы Токио хотууд өрсөлдөж, Токио хот нь илт давуу буюу өмнөх өрсөлдөгчөөсөө даруй 24 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор тодорсон билээ. /ОУОХ-ны 125-р чуулган, Аргентин Буэнос-Айрес хот, 2013.09.07/

 

СПОРТЫН ТӨРӨЛ:

"Токио-2020" Олимпийн наадамд түүхэнд хамгийн олон буюу 4,400 гаруй тамирчид 33 спортын төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөх аж.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар "Токио – 2020" Олимпийн наадмын спортын төрлүүдийг баталсан билээ. Үүнд Олимпийн үндсэн 28 спортын төрлөөс гадна "Токио-2020" олимпийн наадам зохион байгуулах хорооноос санал болгосон 5 спортын төрөл/Бэйсбол-Софтбол, Скейтборд, Каратэ, Спорт авиралт, Серфинг/-ийг багтаасан байна.

 

БАМБАРЫН БУУХИА:

"Токио – 2020" Олимпийн наадмын бамбарын загварыг энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр Токио хотноо танилцуулсан. Дизайнер Токүжин Ёшиокагийн урласан уг бамбар нь Япон улсын бэлгэ тэмдэг болох сакура цэцгийн хэлбэрийг агуулжээ.

Бамбарын тухай Дизайнер Токүжин Ёшиока тайлбарлахдаа “Би энэхүү бамбарын загварыг 2011 оны Иватэ муж дахь газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж бүтээсэн, гамшгийн дараа хүүхдүүдийн зурсан сакура цэцэг надад их сэтгэгдэл төрүүлсэн учир би тэдний зургаас санаа авсан.” хэмээн дурдсан байна.

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Фукушима мужаас эхлэх бамбарын буухиа нь Япон улсын 47 муж, 857 хотоор нийт 121 өдөр аялах аж.

 

БЭЛГЭ ТЭМДЭГ / МАСКОТ:

Олимпийн наадмыг илтгэх хамгийн том зүйл нь маскот буюу бэлгэ тэмдэг байдаг. "Токио - 2020" Олимп, Паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг өнгөрсөн оны 07 дугаар сард албан ёсоор танилцуулсан.

Бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгын уралдаанд 2,042 бүтээл өрсөлдөж, бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109,041 саналыг хүртэн шалгарсан аж. Шалгаруулалтыг Японы мэргэжлийн уран бүтээлчид болон 16 мянган бага сургуулийн нийт 200,000 гаруй сурагчдын саналаар тодруулсан байна.

Олимпийн наадмын түүхэнд анх удаа маскот буюу бэлгэ тэмдгээр амьд амьтан бус робот тодорсон нь онцлог.

МИРАИТОВА (ミライトワ)' – Олимпийн наадмын маскот

Ирээдүй “Мираи - 未来”, Үүрд мөнх “Това - 永遠” хэмээх үгсийн нийлмэл утгат нэртэй энэхүү робот нь Япон улсын дэвшилтэт технологийг илтгэх бөгөөд "Токио-2020" олимпийн наадмын эмблемийг агуулжээ.

СУМЭИТИ (ソメイティ) – Паралимпийн наадмын маскот

Япон улсын бэлгэ тэмдэг сакура цэцгийн өнгө, дүрсийг илтгэсэн робот.

 

МЕДАЛЬ:

"Токио-2020" Олимп, Паралимпийн наадмын медалийн загварын шалгаруулалтад 400 гаруй бүтээл оролцсоноос дизайнер Жуничи Каванишийн бүтээл шалгарсан.

Медалийн хэмжээ нь 1.2 см зузаан, 8.5 см диаметртэй бөгөөд нүүрэн талд нь "Афин-1896" анхдугаар олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн ялалтын бурхан Никэ, ар талд нь "Токио-2020" Олимпийн наадмын эмблемийг дүрсэлсэн байна.

"Токио-2020" Олимпийн наадам зохион байгуулах хорооноос Олимп, Паралимпийн наадмын медалийг хийх зорилгоор 2017 оны 04 дүгээр сараас энэ оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт иргэдийн дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аяныг өрнүүлжээ. Хандивын аяны хүрээнд 79 мянган тонн төхөөрөмж цугларч, эдгээрээс нийт 32 кг алт, 3.5тонн мөнгө, 2.2 тонн зэс болон цайр гаргаж авчээ. "Токио – 2020" Олимп, Паралимпийн наадамд нийт 5000 гаруй медаль үйлдвэрлэх аж.


Таг: Мэдээ, Наадмууд, Токио

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД