“ТОКИО-1964 ба ТОКИО-2020” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Огноо:
2019-11-13

Таг:
Мэдээ

Мэдээ

“ТОКИО-1964 ба ТОКИО-2020” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг үндэслэл

  Хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэгт олимпизм, олимпийн соёл, олимпийн наадам ордог билээ.
  Дэлхий дахинаараа энх тайванч, харилцан найрсаг оршин тогтнож, ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагаа бэхжин хөгжих үйлст олимпизм, олимпийн соёл, олимпийн боловсрол ба биеийн тамир, спортын оруулж буй ач холбогдол, үүрэг, нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байна.

  Монгол улс олон улсын Олимпийн их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны Олимпийн наадмуудад анх удаагаа баг, тамирчдаа илгээн оролцуулж, түүхийн алтан хуудас нээсэн билээ.
  Өнөөдрийг хүртэлх 55 жилийн хугацаанд Монгол улсын баг, тамирчид 26 медаль хүртэж бахдам амжилт гаргаад байна.
  Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах Зуны ХХХII  Олимпийн наадам жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна.

  “ТОКИО-1964” ба “ТОКИО-2020” Олимпийн наадмууд нь Монгол улсын хувьд маш онцлог үйл явдлууд юм.
  “ТОКИО-1964” Олимпийн наадмаас хойшхи 55 жилийн түүхийг бид улам бүр тодотгон бэхжүүлж байх ёстой билээ.
  “ТОКИО-2020” Олимпийн наадамд улам бүр чамбай бэлтгэж, амжилт дүүрэн оролцох асуудал чухлаар тавигдаж байна.

  Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас Монгол улсын баг, тамирчид Олимпийн наадамд анх оролцсоны 55 жилийн ойд зориулсан “ТОКИО-1964 ба ТОКИО-2020” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг зохион байгуулах шийдвэрийг гарган бэлтгэл ажлыг хангаж байна.
  Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль хамтран зохион байгуулж байна.

Хоёр. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, зорилт ба зохион байгуулалт:
  Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлын зорилго нь олон улсын олимпийн хөдөлгөөн ба Монгол улсын олимпийн хөдөлгөөний түүхийг судлан баяжуулах, Олимпийн наадмуудад манай улсын баг, тамирчдын үзүүлсэн амжилт, оролцсон дүнг дүгнэн тодруулах, “ТОКИО-2020” Олимпийн наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах шинжлэх ухааны үндэслэлийг нарийвчлан тогтоох болон энэ талаарх судалгааны үр дүнг амьдрал, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
  Онол-практикийн бага хурлын зорилтуудыг дараах хэлбэрээр тодорхойлж байна. Үүнд:
1. Олимпийн боловсрол, соёл, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх шинэлэг арга замуудыг тодорхойлох;
2. Аймаг, дүүргийн Олимпийн зөвлөл, ЕБС-ийн Олимпийн танхимуудын үйл ажиллагааны шинэлэг арга хэлбэрүүдийг тодорхойлох;
3. Өвөл, зуны Олимпийн наадмуудад манай улсын баг, тамирчдын оролцсон амжилт, үр дүнд шинжлэх ухаанч үнэлэлт, дүгнэлт өгөх;
4. “ТОКИО-2020” Олимпийн наадамд оролцох баг, тамирчдын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтууд орж байна.

  Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт Монголын үндэсний олимпийн хорооны 407 тоот хурлын танхимд зохион байгуулна.
  Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд дотоодын болон гадаад орнуудын Биеийн тамир, спортын байгууллага ба Спортын дунд сургуулиуд, их, дээд сургууль, аймаг, дүүргийн Олимпийн зөвлөл, ЕБС-ийн Олимпийн танхимуудын удирдлага, багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид оролцоно.
  Олон улсын хурлын үеэр тодорхой сэдвүүдээр илтгэлүүд тавигдах ба илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг явагдана.
  Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэл ба ханан илтгэл хэлбэрээр зохион явуулна. Эрдэм шинжилгээний хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй бол илтгэлээ урьдчилан ирүүлж эмхтгэлд хэвлүүлж болно.

  Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдах үндсэн ба ханан илтгэлүүд, товхимолд хэвлэгдэх илтгэлүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна. Илтгэлийг монгол, англи, орос хэлний аль нэг хэл дээр бичсэн байж болно. Үүнд:
- Илтгэл нь А4 хэмжээтэй 4-6 (бичвэр, зураг, хүснэгт, бүдүүвч) болохуйц багтаамжтай байна.
 - ARIAL фондоор, цаасны бүх талаасаа 2,5 см, мөр хоорондын зай 1; 1,5, үсгийн хэмжээ 12 pt-ээр бичнэ. Гарчгийг 1-3 мөрөнд багтаан 12р, BOLD хэлбэрээр хуудсанд голлуулж бичнэ.
- Гарчгаас нэг мөр хоосон зай аваад зохиогчийн нэрийг цаасны зүүн зах руу тэгшилж, 11tp, ITALIC хэлбэрээр бичих ба гол зохиогч буюу илтгэгчийн нэрийг доогуур нь зурна.
- Илтгэлийн нэр, зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, байгууллага, e-mail хаяг, илтгэлийн хураангуй, түлхүүр үг, илтгэлийн үндсэн хэсэг, дүгнэлт зэргээс бүрдэнэ.

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хуралд тавигдах илтгэлийн сэдвүүд:

  • Олимпийн хөдөлгөөний түүхэн замнал
  • 1964 оны өвөл, зуны олимпийн наадам
  • Биеийн тамир, спортын түүх ба олимпийн хөдөлгөөн
  • Залуучуудын олимпийн наадам ба хүүхдийн спорт
  • Биеийн тамир, спортын хөгжил ба тулгамдсан асуудлууд
  • “ТОКИО-2020” Олимпийн наадам ба баг, тамирчдын бэлтгэл ажлууд
  • Өндөр зэрэгтэй тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи
  • ҮШБ-ийн бүтэц, зохион байгуулалт ба түүнийг боловсронгуй болгох арга зам
  • “ТОКИО-2020” Олимпийн наадам ба өрсөлдөөний таамаглал
  • “ТОКИО-2020” Олимпийн наадам ба “Олимп хөгжил” сан
  • Спортын менежмент ба спортын анагаах ухаан.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцохдоо:
- Овог нэр (бүтнээр)
- Эрдмийн зэрэг
- Ажилладаг байгууллага
- Илтгэлийн сэдвийн бүтэн нэр
- Холбоо барих шуудангийн хаяг и-мэйл, утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ.

Илтгэл хүлээн авах хугацаа:
  Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.
- Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургууль. Улаанбаатар хот. СБД 8-р хороо, Бага тойруу-55, Спортын төв ордон. Утас: 88924250, 99294250 (Ц.Цогзолмаа), tsogzoothogzol@gmail.com
- Монголын үндэсний олимпийн хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот. Утас: 99040530 (З.Гомбодорж), Moochimg@gmail.com
             
  Эрдэм шинжилгээний Бага хуралд илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдод СЕРТИФИКАТ олгож, бүтээлийг нь эмхтгэлд хэвлэнэ.
  Илтгэлээ ирүүлсэн судлаач бүр 20.000 /хорин мянга/ төгрөгийн оролцогчийн хураамж төлнө. Оролцогчийн хураамжийг мандат, хуралдааны цайны завсарлага, илтгэлийн эмхтгэл хэвлэх зардалд зарцуулна.
  Шилдэг тэргүүний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, ач холбогдол өндөр бүхий илтгэлүүдийг шалгаруулж байр эзлүүлэн шагнал, урамшуулал олгоно.
  Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн Бага хуралд оролцоход шаардлагатай бүх зардлыг тухайн хүний ажилладаг үндсэн байгууллага болон оролцогч өөрөө хариуцна.
 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
 

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД