"ТОКИО-1964 БА ТОКИО-2020" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2019-11-21

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-1964 БА ТОКИО-2020" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Одоогоос 55 жилийн өмнө Монгол улс Олимпийн их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны Олимпийн наадмуудад анх удаагаа баг тамирчдаа илгээн оролцуулж, түүхийн "алтан" хуудас нээгдсэн билээ.

  Монголын баг тамирчид Олимпийн наадамд оролцсоны 55 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Спортын төв сургуулиас хамтран, Олон улсын олимпийн хөдөлгөөн ба Монгол улсын олимпийн хөдөлгөөний түүхийг судлан баяжуулах, Олимпийн наадмуудад манай улсын баг, тамирчдын үзүүлсэн амжилт, оролцсон дүнг дүгнэн тодруулах, “Токио-2020” Олимпийн наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах шинжлэх ухааны үндэслэлийг нарийвчлан тогтоох талаарх судалгааны үр дүнг амьдрал, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Токио-1964 ба Токио-2020" сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг 11 сарын 20-ны өдөр зохион байгуулав.

  Тус эрдэм шинжилгээний хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МҮОА-ийн Ерөнхийлөгч Доктор профессор Ч.Зоригтбаатар, ОХУ-ын Олимпийн төв академийн Дэд ерөнхийлөгч Доктор В.В Мельников, БНХАУ-ын Нийслэлийн биеийн тамир, спортын их сургуулийн Хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгч Доктор Вэн Ши Лин зэрэг гадаад, дотоодын 40 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар оролцлоо.

Хурлаар: 

  • Олимпийн хөдөлгөөний түүхэн замнал
  • 1964 оны өвөл, зуны олимпийн наадам
  • Биеийн тамир, спортын түүх ба олимпийн хөдөлгөөн
  • Залуучуудын олимпийн наадам ба хүүхдийн спорт
  • Биеийн тамир, спортын хөгжил ба тулгамдсан асуудлууд
  • “Токио-2020” Олимпийн наадам ба баг, тамирчдын бэлтгэл ажлууд
  • Өндөр зэрэгтэй тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологи
  • Спортын менежмент ба спортын анагаах ухаан зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, 20 гаруй судалгааны эмхтгэлийг хэлэлцэв.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД