ЭМГЭНЭЛ
Огноо:
2019-12-19

Таг:
Мэдээ

Мэдээ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Нямын ЗУЛБААТАР

(1958-2019)

Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүн, Орхон аймгийн “Атланта” Олимпийн зөвлөлийн дарга, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, Монголын Бадминтоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, волейболын спортын мастер, Нямын Зулбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, спорт-олимпийн их гэр бүлд нөхөж баршгүй  гарз тохиолдлоо.

Нямын Зулбаатар нь 1958 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрж, улмаар 1966-1976 онуудад Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1976-1980 онуудад Улаанбаатар хотод УБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

1980-1988 онуудад Эрдэнэт хотын Хялганатын Ойн техникумд биеийн тамирын багш, 1988-1994 онуудад Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын хороонд  волейболын дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, 1994-2013 онуудад аймгийн Биеийн тамир, спортын хорооны  дарга, 2013-2015 онуудад БТСХ-ны волейбол, бадминтоны дасгалжуулагч, 2016 оноос Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байлаа.

Монголын боловсрол, биеийн тамир, спортын салбарт тасралтгүй 39 жил ажиллахдаа хүүхэд, залуучуудад эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, өв тэгш хүмүүжил олгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, спортын шинэ төрлүүдийг Монгол орондоо болон орон нутагтаа бий болгож нутагшуулах, нэр хүндтэй алдар цуутай тамирчдыг олноор төрүүлэн, эгнээг нь байнга өргөтгөх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, Олимпизмын үзэл санааг нийтийн хүртээл болгож, түгээн дэлгэрүүлэхэд чухал санал, санаачилгууд гарган, бүтээлчээр хэрэгжүүлэн идэвхи зүтгэлтэй ажиллаж, тодорхой хувь нэмэр оруулан, үр дүнд хүргэсэн биеийн тамир, спортын салбарын томоохон зүтгэлтэн байлаа.

1995 оноос Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, 1998 оноос Монголын бадминтоны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001 оноос Монгол улсын Спортын цол зэргийн улсын комиссын гишүүн, 2003 оноос "Атланта" олимпийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудад сонгогдон өнөөг хүртэл хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн гавьяатан билээ. 

Түүнийг Орхон аймгийн Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байсан он жилүүдэд удирдсан байгууллага нь спортын амжилт болон Монгол улсын Засгийн газраас зарласан уралдаануудад 3 удаа тэргүүн байр эзэлж, цом болон бусад шагналаар шагнуулж, 2004 онд биеийн тамир спортын салбарын “Шилдэг спорт хороо”, 2005 онд “Шилдгийн шилдэг спорт хороо”-оор тус тус шалгарч, өөрөө Биеийн тамир, спортын салбарын “Шилдгийн шилдэг  менежер” цолоор шагнагдаж Монголын Бүх ард түмний 11, 12, 13, 14 дүгээр их наадмуудад дараалан тэргүүн байр эзэлж байлаа.

Н.Зулбаатар нь Монгол оронд болон өөрийн аймагтаа урьд өмнө хөгжөөгүй дэлхийн спортын шинэ төрлийг туршин бий болгох, улмаар нутагшуулан, өөрийн гэсэн баг, тамирчидтай болох талаар санаачилгатай ажиллаж ирсэн биеийн тамир спортын салбарын тэргүүний удирдагч байлаа.

Тэрээр олимпийн спортын төрөл болох Бадминтоны спортыг Монгол оронд хөгжүүлэх ажлыг 1998 оноос гардан эхлүүлж, Монголын Бадминтоны холбоог үүсгэн байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж, бадминтоны спортыг сурталчлан таниулах, багш, дасгалжуулагчдыг гадаад дотоодод сургаж бэлтгэх, нийтийн сургалт явуулах, материаллаг баазыг бий болгон бэхжүүлэх талаар байнга санаа тавин ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр бадминтоны холбоо 9 аймагт салбар зөвлөлтэй болж, Монгол оронд бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдож байгаагийн зэрэгцээ жил бүр уламжлан болгон 2005 оноос бадминтоны олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв.

Н.Зулбаатар нь өөрийн ухамсарт бүх амьдралаа нийтийн биеийн тамир спорт болон их спортыг хөгжүүлэхийн төлөө зориулж ирсэн бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Монголын үндэсний Олимпийн хорооны “Алтан очир” медаль,  “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”-оор тус тус шагнагдаж байв.

Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч, хүнлэг сайхан зан чанар, спортын төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, спортын салбарт оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД