ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ - ОЛИМПИЙН БОЛОВСРОЛД#1
Огноо:
2020-03-12

Таг:
Мэдээ

Мэдээ

ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ - ОЛИМПИЙН БОЛОВСРОЛД#1

 
1. ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ - ТАВАН ЦАГИРАГ

“Олимпийн бэлгэ тэмдэг” нь Олимпийн Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагиргийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагиргууд байрладаг. Таван цагиргийн өнгө нь Олимпизмийн түгээмэл байдлыг бэлгэдэх бөгөөд цагиргийн таван өнгө болон түүний дэвсгэр цагаан өнгөний аль нэг нь Олимпийн наадамд өрсөлдөж буй улс орны туг, далбааны өнгөнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Мөн Олимпийн таван цагираг нь Олимпийн наадамд оролцож буй Европ, Ази, Далайн орнууд, Африк, Америк гэсэн дэлхийн таван бүс тивийг илтгэдэг.


Олимпийн Хартид заасны дагуу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ нь Олимпийн таван цагиргийг өөрийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашигладаг бол Үндэсний Олимпийн хороод нь Олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд ОУОХ-ны зөвшөөрлийн дагуу ашгийн бус зорилгоор хэрэглэх боломжтой байдаг.

Үндэсний олимпийн хороод нь өөрсдийн бэлгэ тэмдэгтдээ тухайн улс үндэстний онцлогийг тодорхой агуулсан хэв загварт олимпийн таван цагиргийг багтаан тусгасан байдаг.

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/ нь 1990 онд Олимпийн Хартийн зарчмыг үндэслэн, шинэчлэн зохион байгуулагдаж, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий хараат бус төрийн бус байгууллага болсноор бие даасан бэлгэ тэмдгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Тус бэлгэ тэмдэг нь манай үндэстний эртнээс эрхэмлэж ирсэн гал, сар, нарны дүрслэлийг олимпийн таван цагирагтай чадамгай хослуулснаар ур хийцийн дахин давтагдашгүй, утга санаа төгөлдөр болж чадсан юм. Бэлгэ тэмдгийн хамгийн дээр байрлах “гурван үзүүртэй гал” нь өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт өтгөс, идэр, балчир гурван үеэрээ үүрд мандсаар байхын утгатай. Харин түүний доор байрлах “нар сар” нь мөнх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжих, энхжин мөнхжихийн бэлгэдэл юм. Ийнхүү Гал, Нар, Сар, Олимпийн таван цагираг нь “Бадран мандаж буй Монгол улсад Олимпийн хөдөлгөөн мөнхөд түгэн дэлгэрэх болтугай” хэмээх утгыг хадгалжээ.

Олимпийн хартид заасны дагуу Олимпийн таван цагираг болон тухайн Үндэсний олимпийн хорооны бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиг, сурталчилгаа, арилжааны зорилгоор хэрэглэхийг хориглодог.

 

2. ОЛИМПИЙН ДАЛБАА

Дэлхийн улс орнуудын туг, далбаа нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг нь байдаг бол Олимпийн далбаа нь Спорт, Олимпийн үнэт зүйлсээр дамжуулан олон улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Олимпийн далбаа нь ямар нэгэн хүрээгүй цагаан суурьтай байх бөгөөд далбааны голд таван өнгө бүхий Олимпийн цагираг байрладаг.

Олимпийн далбаа нь анх орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Барон Пьер де Кубертиний санаачлалаар 1914 онд Египетийн Александрия хотод зохион байгуулагдсан бүх Египетийн наадмын үеэр дэлгэгдсэн түүхтэй. Олимпийн анхны далбаан дээр Францаар “Alexandrie 5 Avril 1914”- /Александрия, 1914 оны 4 дүгээр сарын 5/ хэмээн тэмдэглэгджээ.

Харин албан ёсоор анх удаа Олимпийн тэнгэрт Олимпийн далбаа мандсан нь 1920 оны Бельгийн Антверп хотноо зохиогдсон VII Олимпийн наадмын нээлтийн ёслолоор байв. Үүнээс хойш Олимпийн далбааг Олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн тугийн индэрт ёслол төгөлдөр өргөж, наадам үргэлжлэх хугацаанд мандуулж байх уламжлалтай болсон.

Энэхүү ёслолын ажиллагааг тухайн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь бүрэн хариуцдаг бөгөөд Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд төдийгүй уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын заал танхим, тамирчдын тосгон зэрэг бүхий л газарт Олимпийн далбаа мандах ёстой ажээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Олимпийн далбааг залан мандуулах ёслолд үндэстнийхээ амжилт бүтээлээрээ нэрд гарч, сор болсон хүмүүсийг урин оролцуулдаг нь уригдсан хүмүүсийн хувьд ч амьдралд нь тохиох хосгүй их хүндэтгэлийн нэг болдог.

Олимпийн наадмын хаалтын ёслолоор Олимпийн далбааг буулгаж, наадмыг зохион байгуулсан хотын захирагч дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотын даргад хүлээлгэн өгдөг уламжлалтай. Тус ёслол нь хүн төрөлхтний их баяр болох Олимпийн наадам болон Олимпизмийн үзэл санаа түгэн дэлгэрэх, Олимпийн хөдөлгөөн үргэлжлэн өрнөхийг илтгэдэг.

 

3. ОЛИМПИЙН НААДМЫН МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧИД

Олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь өөрсдийн туг далбаагаа өргөн мандуулснаар Олимпизмийн үзэл санаанд нэгдэж буйг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Олимпийн наадамд улсаа төлөөлөн тугчаар жагсах нь нэр хүнд, хүндэтгэлийн үйл хэрэг мөн билээ.

Монголын баг тамирчид анх удаа Австрийн Инсбрук хотноо 1964 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 9-нд зохиогдсон өвлийн IХ олимпийн цагаан замд мөрөө эхлүүлсэн түүхтэй . Тус олимпийн наадамд Монгол улс цанын 9, тэшүүрийн 3 тамирчнаа илгээж, нээлтийн ёслолд тэшүүрийн тамирчин Л.Цэнд төрийн далбаагаа барин жагсжээ. Тэрээр тус олимпоос гадна “Гренобль-1968”, “Саппоро-1972” олимпийн наадмуудад тугчаар ажиллаж, төрийнхөө далбааг олимпийн наадамд хамгийн олон удаа буюу гурвантаа залсан анхдагч юм.

"Лейк Плесид-1980", "Сараево-1984" Өвлийн олимпийн наадмуудад Монголын баг тамирчдын тугчаар цанын тамирчин Л.Дорж ажиллаж, хоёр олимпийн наадамд төрийн тугаа өргөн түүхэн хуудаснаа тэмдэглэгджээ.

1988 онд Канадын Калгари хотод зохиогдсон Өвлийн XV олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Энхээ нээлтийн ажиллагаанд төрийн далбаагаа барин жагссан нь Олимпийн наадамд төрийн далбаагаа залсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.

"Албервилль-1992" Өвлийн олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар тэшүүрийн тамирчин Н.Ганболд ажилласан бол "Лиллехаммер-1994" Олимпийн наадамд шорт трекийн тамирчин Б.Бат-Оргил ганцаараа эх орноо төлөөлөн оролцож, Олимпийн нээлтийн ёслолд төрийн далбаагаа залсан билээ.

1998 оны Японы Наганогийн Өвлийн Олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Очирсүх нээлтийн ажиллагаанд багийн тугчийн үүргийг гүйцэтгэсэн бол 2002 оны 2 дугаар сарын 08-24-ны өдрүүдэд АНУ-ын Солт Лейк хотноо зохиогдсон наадамд цанын тамирчин Ж.Эрдэнэтүлхүүр багийн тугчаар ажиллалаа.

Өвлийн ХХ олимпийн наадам Итали улсын Турин хотноо 2006 оны 2 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд зохиогдоход цаначин Х.Хаш-Эрдэнэ төрийн далбаагаа өргөн нээлтийн ёслолд барин жагсав.

2010 онд Канадын Ванкувер болон Вистлерт хотуудад явагдсан цагаан олимпийн наадамд Монголын цанатай гүйгч Э.Очирсүрэн төрийн далбаагаа залжээ.

Харин "Сочи-2014" олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар Б.Бямбадорж ажилласан бол "Пёнчан-2018" олимпийнн өвлийн наадамд цанын тамирчин Б.Ачбадрах олимпийн тэнгэр дор төрийн далбаагаа залсан байна.

Монголын баг тамирчид зуны олимпийн наадмын хувьд анх удаагаа "Токио-1964" олимпийн наадамд тоосоо өргөхдөө чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин оролцож, тугчаар хөнгөн атлетикийн тамирчин Ч.Найдан ажиллажээ.

Улмаар 1968 оны 10 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд Мексик улсын Мехико хотноо зохиогдсон XIX олимпод манай улсын чөлөөт бөхийн шигшээ баг бахдам амжилт үзүүлж, олимпийн анхны медалиудыг эх орондоо авч ирсэн бөгөөд, нээлтийн ёслолд чөлөөт бөхийн тамирчин Х.Баянмөнх нээлтийн ёслолд төрийнхөө далбаагаа өргөн “...Чингис хааны, дундад зууны ээтэн гутлаар Мехикогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг цөм цөм гишгэлэн”-/"Мехико-1968" Олимпийн тойм нийтлэлд өгүүлснээр/ жагсав.

1972 оны Мюнхений олимпод Монголын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Б.Жамсран ажилласан бол. "Монреаль-1976" олимпийн наадамд тус Олимпийн чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн тамирчин З.Ойдов нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг залсан түүхтэй.

"Москва-1980" олимпийн наадмын Монголын тугчаар чөлөөт бөхийн тамирчин З.Дүвчин ажилласан бол, "Сөүл-1988", "Барселон-1992", "Сидней-2000" олимпийн наадмуудад жүдо бөхийн тамирчин Б.Бат-Эрдэнэ нь Монголын багийн тугчаар ажилласнаар төрийнхөө далбааг олимпийн наадамд гурвантаа өргөсөн хоёр дахь хүн болсон ажээ.

Харин 1996 оны Атлантын олимпийн наадамд манай багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Д.Сумъяабазар, "Афин-2004" олимпийн наадамд жүдо бөхийн тамирчин Д.Нямхүү нар Монголын багийн тугийг тус тус залжээ.

Монгол улс олимпийн анхны аваргуудаа өлгийдөн авсан Зуны XXIX олимпийн наадам 2008 оны 8 дугаар сарын 8-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдоход багийн тугчаар жүдогийн тамирчин М.Баяржавхлан ажилласан бол 2012 оны Лондоны олимпод марафонч Б.Сэр-Од төрийн далбаагаа залж, 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд эх орныхоо төрийн далбааг өргөн жагсах эрхэм үүргийг жүдоч Б.Тэмүүлэн хүлээсэн юм.

Ийнхүү Олимпийн таван цагираг болон Олимпийн далбаа нь хүн төрөлхтний эв санааны нэгдлийг илэрхийлэх хамгийн чухал бэлгэдэл бөгөөд, Олимпийн наадмын нээлтийн ёслолд улс улсынхаа төрийн далбааг өргөн залах нь Олимпизмийн үзэл санааг дэмжин нэгдэж буйг илэрхийлэх чухал үйл явдал юм.

Өвлийн олимпийн наадмын Монголын багийн тугчид:

  • “Инсбрук – 1964”, “Гренобль - 1968”, “Саппоро – 1972” – Л.Цэнд /тэшүүр/
  • “Лейк Плесид – 1980”, “Сараево – 1984” – Л.Дорж /цана/
  • “Калгари – 1988” – Д.Энхээ /цана/
  • “Албервилль-1992” – Н.Ганболд /тэшүүр/
  • “Лиллехаммер – 1994” – Б.Бат-Оргил /шорт трек/
  • “Нагано – 1998” – Д.Очирсүх /цана/
  • “Солт Лейк – 2002” – Ж.Эрдэнэтүлхүүр /цана/
  • “Турин – 2006” – Х.Хаш-Эрдэнэ /цана/
  • “Ванкувер – 2010” – Э.Очирсүрэн /цана/
  • “Сочи – 2014” – Б.Бямбадорж /цана/
  • “Пёнчан – 2018” – Б.Ачбадрах /цана/

Зуны олимпийн наадмын Монголын багийн тугчид:

  • “Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/
  • “Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
  • “Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/
  • “Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/
  • “Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/
  • “Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
  • “Атланта – 1996” – Д.Сумъяабазар /чөлөөт бөх/
  • “Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/
  • “Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/
  • “Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
  • “Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД