ТОЙМ МЭДЭЭ: "ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД#3
Огноо:
2020-04-01

Таг:
Мэдээ

Мэдээ

ТОЙМ МЭДЭЭ: "ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД#3

- Олон улсын олимпийн хороо/ОУОХ/, “Токио-2020” олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос хэлэлцэж, Зуны XXXII олимпийн наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-гаас 8 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэснийг өчигдөр буюу /2020.03.30-ны өдөр/ зарлав.

- ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Энэхүү шийдвэрийг маш богино хугацаанд гаргахад Олон улсын зуны олимпийн спортын холбоо, Үндэсний олимпийн хороодын тивийн холбоод болон “Токио 2020” Зохион байгуулах хорооны нягт хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. “Токио 2020” олимпийн наадам нь хүн төрөлхтөнд нүүрлээд буй харанхуй хонгилыг гэрэлтүүлэх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан ОУОХ-ноос доорх мэдээллийг Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд ирүүллээ.

 
ЗУНЫ ОЛИМПИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА

ОУОХ, “Токио 2020” Зуны олимпийн наадмыг ЗБХ-ноос тус олимпийн наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар батламжсан байна.

 

ОЛИМПИЙН НААДМЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ БОЛОН ХУГАЦАА

- Хэдийгээр Олимпийн наадмыг зохион байгуулах хугацааг хойшлуулсан ч гэсэн эрх олгох журмын дагуу Олимпод оролцох эрхээ хүртсэн байгаа тамирчид/ҮОХ-дын эрх хэвээр хадгалагдана.

- Олон улсын спорт холбоодтой нягт хамтран ажиллаж, аль болох ойрын хугацаанд “Токио 2020” эрх олгох журмыг шинэчлэн баталж ҮОХ-дод хүргүүлнэ.

- Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын спорт холбоод нь цаг алдалгүй Олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалсанд талархаж байна.

- Маш олон өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болоод байгаа нөхцөл байдлыг бүрэн ойлгож байгаа бөгөөд эдгээр тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй.

- Тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нэн тэргүүний зорилтын хүрээнд “Covid 19” цар тахлын нөлөөлөл багасаж, хорио цээр тавигдсан үед Олимпийн эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг Олон улсын спорт холбоодод зөвлөсөн.

 

"ТОКИО-2020" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ

- ОУОХ-ноос “Токио-2020” үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нь Олимпийн наадмын үндэс суурь болсон: тэмцээн уралдааныг зохион байгуулах стадион, барилга байгууламж, Олимпийн тосгон, Хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудал зэрэг онцгой анхаарах шаардлагатай асуудлуудад гол анхаарлаа хандуулж ажиллана.

- “Токио-2020” олимпийн наадамтай холбогдуулан 2020 оны 4 дүгээр сард Токио хотноо зохион байгуулах байсан бүх сорил тэмцээнүүдийг хуваарь шинээр батлагдах хүртэл хойшлуулах

ОУОХ-НЫ ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ДЭМЖЛЭГ

 

- “Токио 2020” олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулах болсонтой холбогдуулан Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгох болжээ. Энэ хөтөлбөрт манай улсаас 8 спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байна.

 

ТАМИРЧИД

- ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр “Covid 19” цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/ болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллүүдийг хүргэх болно.

Нөхцөл байдал маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ тохиолдолд эцсийн байдлаар ямарваа хариу өгөх боломжгүй байгааг ойлгож хүлээн авахыг хүсэхийн ялдамд Олимпийн наадмыг хойшлуулсантай холбогдсон ямарваа шийдвэрийг цаг тухайд мэдээлэх болно.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД