СПОРТ НИЙТЛЭЛИЙН БУЛАН: БИЕ БЯЛДРЫН СОЁЛ БА БОДЛОГЫН СУДАЛГАА
Огноо:
2020-04-15

Таг:
Мэдээ

Мэдээ

СПОРТ НИЙТЛЭЛИЙН БУЛАН: БИЕ БЯЛДРЫН СОЁЛ БА БОДЛОГЫН СУДАЛГАА

Бие бялдрын соёлын тухай улс үндэстэн бүрд өөрийн гэсэн харилцан адилгүй үзэл баримтлалууд байсаар ирсэн боловч энд юуны өмнө зарим нэрт сэтгэгчдийн үзэл санаанд анхаарлаа хандуулъя. Эртний Грекийн нэрт сэтгэгч Платон хүүхдийг 12-16 насанд биеийн тамираар хичээллүүлж оюун ухааны хөгжлийн суурийг тавих талаар үзэл санаа боловсруулж байсан нь эрүүл биед саруул ухаан орших түүхэн хөгжлийн зүй тогтлыг онцлон тэмдэглэж байсан хэрэг юм. Түүний бодлоор хэрэв энэ хугацаанд оюун ухааны онцгой чадвар илрэхгүй бол биеийн хүч чадал, идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурласан ажил хөдөлмөрийн талбарт үргэлжлүүлэн сургаж, харин оюуны хөдөлмөрийг хийх боломжтой цөөнх нь төрөлжүүлэн суралцсаар төрийг удирдах дээд албан тушаалд томилогдох ёстой байлаа. Эндээс үзэхэд, бие бялдрын соёлын суурийг сайтар төлөвшүүлж өгөх нь аливаа хүн эрдэм мэдлэгт суралцаж, төрийн үйл хэрэгт зүтгэхдээ ч бие бялдрын хүмүүжлийн ач холбогдлыг гүнзгий ойлгосон байх тул улсын бодлогод бие бялдрын соёлын гүйцэтгэх үүргийг оновчтой уялдуулж чадах ёстой байна. Гэхдээ энд бид төрийг удирдах албан тушаал хаших хүн түүнд хүртлээ олж авсан байвал зохих бусад мэдлэг, ухаануудын талаар дурдаагүй болохыг анзаарах нь зүйтэй. Тэр бол нийтлэлийн агуулгад шууд хамаарахгүй асуудал юм.

Дээрх үзэл санаанд тулгуурлан өрнө дахинд Аристотель, Жон Локк зэрэг алдартнууд бие бялдрын соёл нь хүн төрөлхтний соёлын тулгын гурван чулууны нэг мөн болохыг нотолсон байна. Улмаар Ж.Ж.Руссо, И.Ф.Герберт нар бие бялдрын соёл нь заавал тусгайлан боловсролын тогтолцоогоор дамжуулалгүйгээр олж авч болохуйц өвөрмөц  шинж чанартай бөгөөд аливаа хүний соёл боловсролын үндэс болохыг тэмдэглэж байсан юм. Гэтэл XXI зууны бид бие бялдрын соёл буюу биеийн тамирын бие даасан байдлыг хэт туйлшруулан ойлгох болсноор зарим тохиолдолд оюуны соёлын эсрэг тал нь хэмээн итгэж үнэмших хандлага давамгайлж болзошгүй байна. Нөгөө талаар ХХ зууны Монголын нийгмийн хөгжлийн түүхэн туршлагад бие бялдрын соёлыг бүх нийтийн кампанит арга хэмжээ төдийгүй албадлагаар хэрэгжүүлэх боломжтойг нотлон харуулсан тул өнөөгийн бид бүхэн нийгмийн харьцангуй ондоо чиг баримжаатайгаар хөгжиж байгаа нөхцөлд ч уг хэвшмэл ойлголт, арга барилаа түлхүү хадгалсаар байгаа байдал ажиглагддаг.

Энэ нь манай оронд одоогийн байдлаар бие бялдрын соёлын салбарт бодлогын судалгаа хөгжөөгүй, бэлтгэж байгаа мэргэжлийн хүрээ нь боловсрол судлал, сэтгүүл зүй, анагаах ухаанаар хязгаарлагдаж байгаатай нэг талаасаа холбогдох юм. Гэтэл эсрэгээр философи, соёл судлал, маркетингийн судлах зүйлийн хүрээнд ч биеийн тамирын асуудлыг багтаахгүйд хүрснээр нийгмийн соёлын тулгын гурван чулуу өөр хоорондоо уялдахгүй байдалд тулжээ. Иймд бид цаашид биеийн тамирын асуудлаар зайлшгүй хэрэгцээ бүхий төрөл бүрийн шинжлэх ухааны чиглэлээр захиалгат боловсон хүчин бэлтгэх, эсвэл бусад мэргэжлийн судлаачдыг аль болох өргөнөөр бие бялдрын соёлын судалгааны хүрээнд татан оролцуулах нь зүйтэй юм.

Монголчууд бол нүүдлийн иргэншлийн онцлогтой холбоотойгоор бие бялдрын өвөрмөц соёлыг төлөвшүүлсэн үндэстэн юм. Монголчуудын хувьд өдөр тутмын амьдралын хэвшил нь цаг ямагт хүний бие махбодийг чийрэгжүүлж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх боломжтой байдгаараа онцлогтой. Хурга, ишиг эргүүлэх, унага, тугал татах, улмаар морь, тэмээ унах, аргал түүх, эмнэг догшин номхруулах зэргээр насан туршдаа идэвхтэй хөдөлгөөнийг зориудын дасгал сургуулилтгүйгээр хийж ирсэн нь үзэгдэх байдлын хувьд хоцрогдонгуй мэт боловч мөн чанартаа хүн бүрийн амьдралын хэвшил, оршин амьдрах үндсэн нөхцөл нь болж өгснөөрөө нэн өвөрмөц билээ. Улмаар уламжлалт эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, сурын харваа, морин уралдаан нь бүх нийтийн оролцоонд тулгуурласан шинжтэй явагдах болсны шалтгаан нь ахуй амьдралын хэв маяг, оршин тогтнолын онцлогтой шууд уялдаатай байсан тул зориудаар бодлогын судалгаа эрхлэх, түүнийг хөгжүүлэх онцгой шаардлагыг бий болгож байсангүй.

Харин Монголчууд сүүлийн дөчөөд жилийн туршид суурьшмал амьдрал руу эрчимтэй шилжиж, хүн амын дийлэнх хэсэг нь хот суурин газарт бөөгнөрөн амьдрах болсноор бие бялдрын соёлын уламжлалт онцлог алдагдах болжээ. Нэг талаас нүүдлийн иргэншил нь Монголчуудыг ямар нэгэн нийгмийг хамарсан тусгай зохицуулалтгүйгээр ахуй амьдралын түгээмэл шаардлагаар бие бялдрын соёлын зохистой хэмжээнд хөгжүүлж байсан нь нөгөө талаасаа, түүнийг зориудын зохион байгуулалттайгаар хөгжүүлэх ухамсрын чанарыг төлөвшүүлэх нөхцөл бүрдүүлээгүй байна. Үүний улмаас хөдөөнөөс хот руу шилжигсэд хөдөлгөөний хомстолд автагдаж, түүнийгээ зөв, үр дүнтэй шийдвэрлэх аргыг оновчтой олж чадахгүй байх явдал элбэг байна. Бас нийгмийн ухамсарт бие бялдрын соёлыг зөвхөн спортоор төлөөлүүлэн ойлгох явдал түгээмэл байгаа нь түүнд хандах нийгмийн хандлагад ихээхэн нөлөөлж байгаа хэрэг.

Тэгэхээр өнөөгийн Монголын нийгмийн бие бялдрын соёлын тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг нь соёл иргэншлийн хувирал өөрчлөлтийн нөхцөлд хэрхэн бие бялдрын соёлын салбарыг зохистой хөгжүүлэх талаарх асуудал болох нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, XX зууны эхэнд Монгол оронд орчин үеийн биеийн тамир, спортыг төрийн бодлогоор анх дэлгэрүүлэх үндэс нь харийн ноёрхлоос салж улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглах, улмаар бататган бэхжүүлэхэд чиглэгдэж байсан нь гялалзсан амжилтад хүргэж үндэсний эрх чөлөөний (1911) болон ардчилсан хувьсгалыг (1921) удаа дараалан ялахад чухал түлхэц болсон байна. Эдүгээ бид яг түүн шиг бодлогын шинэчлэлээр биеийн тамир, спортын салбарынхны үзэл санааны чиглэлийг тогтоон, нийгэмд онцгойлон тэмдэглэхүйц байр суурийг нь зарлан тунхаглах явдал чухал ач холбогдолтой. Өмнөх нийгэмд биеийн тамир, спортын салбарынхан нь нам, төрийн үзэл санаа, суртал нэвтрүүлгийг хэрэгжүүлэх нэг чухал хэрэгсэл болж байсан бөгөөд тэрхүү үүргээ ч хангалттай хэмжээгээр биелүүлсний үр дүнд ард түмэнд үлгэр дуурайл бүхий нийгмийн бүлгийн байр суурийг эзэлж байсан. Тухайн үед биеийн тамир, спортын салбарынхны үзэл санааны үндсэн цөм нь бусад бүлгүүдийн нэгэн адил коммунист үзэл сурталд зангидагдаж байсан боловч дэлхийн олон улс, орнуудад болж байсан уралдаан тэмцээнд оролцох, гадаадын тамирчидтай харьцангуй ойр дотно санал бодлоо солилцох боломж бүхий учраас үндэсний үзэл болоод барууны соёлын нөлөө зарим үед цухалзсаар байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэдгээр үзэл онол нь бие даан илрэлээ олох нийгэм-улс төр, эдийн засгийн боломж байгаагүй юм.

1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Монголын нийгэм өөр нэгэн шинэ шатанд шилжихэд биеийн тамир, спортын хүрээнийхэн ардчилсан үзэл санаа, өрнөдийн нийгмийн үнэт зүйлийг өөрсдийнхөө амьдрал, үйл ажиллагааны итгэл үнэмшил болгож амжаагүй байсан учраас нийгэм дэх байр сууриа тодорхойлох, бүтэц тогтолцоогоо хэрхэн яаж төлөвшүүлэх талаар баттай үзэл баримтлал байгаагүй, зарим тохиолдолд эдүгээ ч энэхүү үйл явц өрнөсөөр л байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй. Нөгөө талаас, өмнөх нийгмийн байгуулалд зөвхөн төрөөс дэмжигдэж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн татаасаар бүхэлдээ санхүүжүүлэгдэж ирсэн биеийн тамир, спортын салбарынхан эдийн засгийн амьдралын эрс өөрчлөлтөөр нэг хэсэгтээ бүрэн орхигдоход хүрч, зөвхөн танил тал, хандив, тусламж, зээлээр оршин тогтнохдоо хүрснийг ч мартах аргагүй. Үнэн хэрэгтээ өөрсдийгөө санхүүжүүлэх, цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахад тулгуур болох төрөлжсөн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо зэрэг эдийн засгийн бааз сууриа бүрэлдүүлж амжаагүй нийгмийн эмзэг бүлгийн нэг нь биеийн тамир, спортын салбар болж хувирсан бөгөөд өнөөг хүртэл энэ байдал даацтай шийдвэрлэгдэж чадаагүй байна.

Биеийн тамир, спортын салбарынхан либерал үзэл санааны бие даасан хөгжлийн хувилбараа бүхэлд нь боловсруулж чадаагүй байгаа төдийгүй орчин үеийн монголын нийгмийн нэг том үзэгдэл болсон хөрөнгөжих үйл явцыг салбарынхаа бүхэл тогтолцоогоор нь нэгтгэн тооцож, тэдгээрийг нэгэн ашиг сонирхолд залан чиглүүлэхгүй байгаагаас хувь хүн-бичил нэгжүүд орлого, хөрөнгийн үндсэн субъект болсноор тогтолцооныхоо хувьд төрийн татаас, татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн хөрөнгийн хуваарилалтыг зогсоовол дахин нуран унах байдалд оршин тогтнож байгаа нь харамсалтай. Өөр нэгэн тулгуур хүчин зүйл нь 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд бүрэлдэн бий болсон хөрөнгөтөн ангийн өмөг түшигт дулдуйдаж буй тул зарим тохиолдолд өмнөх нийгмийн тогтолцоог санагдуулам зөвхөн үзэл суртлыг хэрэгжүүлэгч, дамжуулагч, сурталчлагч бүлгийн шинжийг илэрхийлсээр байна. Өөрөөр хэлбэл, шинэ хөрөнгөтнүүдийн зах зээл, нийгэмд эзлэх байр суурийг дэмжигч, түүнийхээ төлөөсөнд санхүүжилт авч байгаа мэт санагдахын сацуу тэдний хөрөнгөө эргүүлэх нэг арга хэрэгсэл нь болж байна гэж дүгнэхэд хүргэж болзошгүй. Биеийн тамир, спортын салбарыг эдийн засгийн байр сууринаас хатуу шүүмжлэгчид “хувалз”-тай зүйрлэхэд хүрч байгааг ч марталгүй, цаашдын хөгжлийнхөө үндэс суурийг бэхжүүлэхээр даацтай бодлого эргэцүүлэх нь зүйтэй.

Биеийн тамир, спортын салбарынхны түүхэн уламжлалт шинжтэй эх оронч, үндэсний үзэл санаа нь нийгэмд чухал ач холбогдолтой төдийгүй нэг талаас, олон улсын тавцанд Монгол улсын сурталчилгаа, нэр хүндийн нэгэн илэрхийлэл болдгийнхоо хувьд, нөгөө талаас улс орны хөгжлийн үндсэн капитал болсон “хүн”-ийг эрүүл чийрэг, бүтээлч байлгах тулгуур нөхцөлийг хангадгийнхаа улмаас төрөөс тодорхой хөрөнгө хуваарилуулан санхүүжихийг үгүйсгэх аргагүй ч улам бүр гүнзгийрэн лавширч байгаа хөрөнгөт нийгэм, либерализмын чиг баримжаагаар хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд аль болох бие даасан хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах зайлшгүй шаардлагатай.

Өсвөр, залуу үеийнхнийхээ мэдээллийн технологи, кибер ертөнцтэй хүзүү сээрээрээ холбогдон буй энэ үед биеийн тамир, спортын салбарын бид бүхэн хошигнож хэлэхэд, “гэдэс цүдгэр, бөгс тонтгор, толгой халзан, алхаа алцан” байх, дөмөг эрийн дөрвөн шинж”-ийг үлгэрлэн дуурайх хэм хэмжээг нь болгочихооргүй дорвитой бодлого боловсруулахаас хаашаа ч зайлах аргагүйд хүрчээ.

Б.Буяндэлгэр (Философийн ухааны доктор /Ph.D/, дэд профессор)


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД