УДИРДАМЖ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ
Огноо:
2020-04-20

Таг:
Мэдээ

Мэдээ

УДИРДАМЖ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ

“БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ОЛИМПИЗМ-ХӨГЖИЛ-КОВИД19”
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн цахим бага хурлын удирдамж

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

Хүн төрөлхтний соёлын бүрэлдэхүүн хэсэг болсон биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа шинэ төрлийн коронавирусийн цар тахлын гамшиг, хор хөнөөл хүчтэй мэдрэгдэж байгаа өнөө үед иргэдийн бие бялдрын хүмүүжил, их спорт, олимпийн боловсролын асуудлыг шинэ өнцгөөс харах ба тэдний нөлөө, ач холбогдлыг нь бүрэн хэмжээгээр ойлгон ухамсарлах шаардлагатай болж байна.

Коронавирусийн цар тахлын дараах хүн төрөлхтний ерөнхий төлөв байдал, сэтгэлгээний шинэчлэл, улс  орнуудын болон хувь хүмүүсийн хоорондын  харилцаа, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, биеийн тамир, спорт, олимпизмын салбарт цоо шинэ өнгө төрх, агуулга, үйл ажиллагааны  хэлбэрүүдийн  өөрчлөлтүүд биднийг хүлээж байна.

Биеийн тамир, спорт ба олимпизмын хөдөлгөөнд хүлээгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн эгнээнд эрдэмтэн, судлаачид, багш, дасгалжуулагч нар манлайлан явах ёстой билээ.

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн  коронавирусийн цар тахал нь 2,5 сая хүнд халдварлаад байна. “Covid-19” цар тахлын улмаас дэлхийн 200 гаруй оронд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогсож, 1 тэрбум гаруй хүүхэд залуучууд хичээл, сургалтанд хамрагдаж чадахгүй байна. Олон зуун сая  хүн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломжгүй болсон бөгөөд “Токио-2020” олимпийн наадам хойшилж, олон арван дэлхий, тивийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулагдах боломжгүй болоод байна. Энэхүү байдлаас шалтгаалж спортын менежмент, маркетинг, тамирчдын сургалт-дасгалжуулалтын үйл явцад олон талын хохирол, сөрөг үр дагавар гарч байна.

Энэ нь биеийн тамир, спорт ба олимпизмын  хөдөлгөөний эрч хүчийг бууруулж,  ихээхэн хор уршиг учруулах магадлалтай болж байна. Дээрх байдлыг харгалзан Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран “БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ОЛИМПИЗМ-ХӨГЖИЛ-КОВИД19” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

ХОЁР. Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын зорилго, хугацаа

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын  зорилго нь коронавирусийн цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд  биеийн тамир, спорт ба олимпийн хөдөлгөөнд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон “ТОКИО-2020” олимпийн наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгоход оршино.

Онол-практикийн цахим бага хурлын  зорилтуудыг дараах хэлбэрээр тодорхойлж байна.

  1. “COVID-19” цар тахлын  үе дэх биеийн тамир, спортын салбарт тохиолдож буй хүндрэл, бэрхшээл ба тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох;
  2. “COVID-19” цар тахлын  дараах үеийн  биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүдийг урьдчилан тооцон гаргах;
  3. Олимпийн хөдөлгөөний хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтүүдийг тодорхойлон гаргах;
  4. “ТОКИО-2020” олимпийн наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэлийг тодорхойлон гаргах зэрэг зорилтууд орж байна.

ГУРАВ. Цахим бага хурлын зохион байгуулалт ба шагнал

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын  илтгэлүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 20-оос 2020 оны 5 дугаар  сарын 20-ныг хүртэлх хугацаанд хүлээн авна.

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын үйл ажиллагаанд дотоодын болон гадаад орнуудын Биеийн тамир, спортын байгууллага ба  их, дээд сургуулиуд, Спортын дунд сургуулиуд, аймаг дүүргийн Олимпийн зөвлөл, ЕБС-ийн олимпийн танхимуудын удирдлага, багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид оролцоно.

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн  цахим бага хурлын үеэр тодорхой сэдвүүдээр илтгэлүүд тавигдах ба илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг явагдана.

Эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг үндсэн илтгэл ба ханан илтгэл хэлбэрээр зохион явуулна.

Эрдэм шинжилгээний онол-практикийн  цахим бага хуралд тавигдах  үндсэн илтгэл ба ханан илтгэлүүд, товхимолд хэвлэгдэх илтгэлүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Илтгэлийг монгол, англи, орос хэлний аль нэг дээр бичсэн байж болно.

Оролцогчын илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Илтгэл нь А4 хэмжээтэй 4-6  хуудас /бичвэр, зураг, хүснэгт/ болохуйц багтаамжтай байна.
  • ARIAL фондоор, цаасны бүх талаасаа 2,5см, мөр хоорондын зай 1-1,5, үсгийн хэмжээ 12 pt, Гарчгийг 1-3 мөрөнд багтаан 12 р, BOLD хэлбэрээр хуудсанд голлуулж бичнэ.
  • Гарчгаас нэг мөр хоосон зай аваад зохиогчийн нэрийг цаасны зүүн зах руу тэгшилж 11tp, ITALIC хэлбэрээр бичих ба гол зохиогч буюу илтгэгчийн нэрийг доогуур нь зурна.
  • Илтгэлийн нэр, зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, байгууллага, e-mall хаяг, илтгэлийн хураангуй, түлхүүр үг, илтгэлийн үндсэн хэсэг, дүгнэлт зэргээс бүрдэнэ.

Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хуралд тавигдах илтгэлийн сэдвүүд:

  • Биеийн тамир, спортын түүх ба олимпийн хөдөлгөөн-“COVID-19”
  • Бие бялдрын хүмүүжил ба биеийн тамирын хөтөлбөр -“COVID-19”
  • “COVID-19” цар тахлын  үе дэх биеийн тамир, спортын салбарт тохиолдож буй хүндрэл, бэрхшээл ба тэдгээрийг шийдвэрлэх арга зам
  • “COVID-19” цар тахлын  дараах үеийн  биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүд
  • Олимпийн хөдөлгөөний хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтүүд
  • “ТОКИО-2020” олимпийн наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн шинэчлэл
  • Спортын менежмент ба спортын анагаах ухаан
  • Спортын сэтгэл зүй

Эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хуралд илтгэгчээр оролцохдоо:

  • Овог нэр /бүтнээр нь/
  • Эрдмийн зэрэг
  • Ажилладаг байгууллага
  • Илтгэлийн сэдвийн бүтэн нэр
  • Холбоо барих шуудангийн хаяг и-мэйл, утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ.

Илтгэлүүдийг 2020 оны 5 дугаар  сарын 20-ны өдрийг хүртэл Undarmaabaatar@yahoo.com цахим хаягаар хүлээн авна.

Шилдэг 10 илтгэлийг шалгаруулан 2020 оны 05 дугаар  сарын 29-ны өдрийн Баасан гарагийн 10 цагаас зохиогдох Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын үеэр хэлэлцүүлнэ.

Энэхүү цахим бага хуралд илтгэлээ хэлэлцүүлэх оролцогчдын нэрийг 2020 оны 05 дугаар  сарын 22-ны өдөр зарлана.

Нийт илтгэл ирүүлсэн оролцогчдын  илтгэлийг эмхэтгэн, товхимол болгон хэвлэн гаргана. Бүх оролцогчдод “Батламж” олгоно. Шилдэг, тэргүүний судалгаа- шинжилгээний ажлын  үр дүн, ач холбогдол, дүгнэлт, дэвшүүлсэн санал, санаачлагын байдлыг харгалзан доорхи шагнал, урамшууллыг олгоно.

  • I   байр 1 - Цом, өргөмжлөл, 400,000 төгрөг, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • II   байр 1 - Өргөмжлөл, 300,000 төгрөг, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • III байр 1 - Өргөмжлөл, 200,000 төгрөг, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • Тусгайбайр 1 - Өргөмжлөл, 100,000 төгрөг, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • Биеийн тамир, спорт-Олимпизм-Хөгжил-Ковид19” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хуралд илтгэлээ ирүүлсэн гадаад, дотоодын оролцогч нарт товхимол номыг шуудангаар хүргүүлнэ.

Холбоо барих утас: 99100530, 99040530, 99726666


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД