"БИЕИЙН ТАМИР, СПОРТ - ОЛИМПИЗМ - COVID-19" СЭДЭВТ ЦАХИМ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Огноо:
2020-04-27

Таг:
Мэдээ

Мэдээ

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ - ОЛИМПИЗМ - COVID-19" СЭДЭВТ ЦАХИМ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хүн төрөлхтний соёлын бүрэлдэхүүн хэсэг болсон биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа шинэ коронавирусийн цар тахлын гамшиг, хор хөнөөл хүчтэй мэдрэгдэж байгаа өнөө үед иргэдийн бие бялдрын хүмүүжил, их спорт, олимпийн боловсролын асуудлыг шинэ өнцгөөс харах ба тэдний нөлөө, ач холбогдлыг нь бүрэн хэмжээгээр ойлгон ухамсарлах шаардлагатай болж байна.

Коронавирусийн цар тахлын дараах хүн төрөлхтний ерөнхий төлөв байдал, сэтгэлгээний шинэчлэл, улс орнуудын болон хувь хүмүүсийн хоорондын харилцаа, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, биеийн тамир, спорт, олимпизмын салбарт цоо шинэ өнгө төрх, агуулга, үйл ажиллагааны хэлбэрүүдийн  өөрчлөлтүүд биднийг хүлээж байна.

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн  коронавирусийн цар тахал нь 2.9 сая хүнд халдварлаад байна. “Covid-19” цар тахлын улмаас дэлхийн 200 гаруй оронд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогсож, 1 тэрбум гаруй хүүхэд залуучууд хичээл, сургалтад хамрагдаж чадахгүй байна. Олон зуун сая хүн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломжгүй болсон бөгөөд “Токио-2020” олимпийн наадам хойшилж, дэлхий, тивийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулагдах боломжгүй болоод байна.

Энэхүү байдлаас шалтгаалж спортын менежмент, маркетинг, тамирчдын сургалт-дасгалжуулалтын үйл явцад олон талын хохирол, сөрөг үр дагавар гарч байна. Эдгээр нь биеийн тамир, спорт ба олимпийн  хөдөлгөөний эрч хүчийг бууруулж, ихээхэн хор уршиг учруулах магадлалтай болж байна.

Монгол улсын биеийн тамир, спорт ба олимпийн хөдөлгөөний хувьд олон тулгамдсан асуудлууд  гарч ирж байгаа төдийгүй, цаашдын хөгжлийн төлөв байдлын өөрчлөлтийн бодлого, чиглэл, хэв маягийг урьдчилан харах, тооцоолох, түүнд үр дүнтэйгээр шилжин орох асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ бүгдэд Монгол улсын биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус  байгууллагууд, спортын холбоод, их, дээд сургуулиуд, эрдэмтэн, судлаачид, багш, дасгалжуулагч, зүтгэлтнүүд, тамирчид, спортыг дэмжигчдийн оюун бодол, санал, дүгнэлт чухал ач  холбогдолтой билээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Монголын үндэсний олимпийн хорооноос “Биеийн тамир, спорт - Олимпизм - COVID- 19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Энэхүү цахим хэлэлцүүлгийн зорилго нь коронавирусийн цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд биеийн тамир, спорт ба олимпийн хөдөлгөөнд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд, спортын холбоодын үйл ажиллагаа болон  “Токио-2020” олимпийн наадамд Монгол улсын баг, тамирчдыг бэлтгэх асуудлыг бүх талаар цогцоор нь авч хэлэлцэхэд оршино.  

Цахим хэлэлцүүлгийн сэдвүүдийн үндсэн чиглэлийг доорхи маягаар тодорхойлж байна.

Үүнд:

  • ”COVID-19” цар тахлын өнөө үед биеийн тамир, спортын салбарт тохиолдож буй хүндрэл, бэрхшээлүүд ба шийдвэрлэх  арга замууд;                                                                                   
  • ”COVID-19” цар тахлын өнөө үед олон улсын олимпийн хөдөлгөөн ба Монгол улсын олимпийн хөдөлгөөнд тохиолдож буй хүндрэл, бэрхшээлүүд ба шийдвэрлэх арга замууд;
  • “COVID-19” цар тахлын  дараах үеийн  биеийн тамир, спортын салбарт гарах өөрчлөлтүүдийг урьдчилан тооцон гаргах;
  • Олимпийн хөдөлгөөний хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтүүдийг тодорхойлон гаргах;
  • “COVID-19” цар тахлын өнөө үед иргэд болон хүүхэд, залуучуудын биеийн дархлааг дэмжихэд чиглэсэн идэвхтэй хөдөлгөөний дасгалыг гэрийн нөхцөлд хийх асуудал;
  • “COVID-19”-ийн дараа ерөнхий боловсролын сургууль дахь бие бялдрын хүмүүжлийн ажлын тогтолцоо ба биеийн тамирын багшийн үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтүүд;
  • Олимпийн соёл, олимпийн боловсрол ба “COVID-19”;
  • Өсвөрийн тамирчдыг бэлтгэх тогтолцооны тулгамдсан асуудлууд ба шийдвэрлэх арга замууд; 
  • Биеийн тамир, спортын шинжлэх ухаан ба цаашид хөгжүүлэх бодлого, чиглэл, үйл ажиллагааны тухай асуудлууд тус тус орж байна.

“Биеийн тамир, спорт - Олимпизм - “COVID-19” цахим хэлэлцүүлэгт доорхи байгууллагын хүмүүсийг идэвхитэй оролцохыг урьж байна.                                                 

  • БТС - ын төрийн байгууллагын удирдлага, ажилтан;
  • Спортын холбоодын удирдлага;
  • Биеийн тамирын дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн, багш, дасгалжуулагч;
  • Олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч;
  • Биеийн тамир, спортын дунд сургуулийн удирдлага, багш, дасгалжуулагч;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд болон спортын сэтгүүлчид;
  • Олимпийн танхимын удирдлага, арга зүйч;
  • ЕБС-ийн биеийн тамирын багш нар;
  • Спорт клубын удирдлага, дасгалжуулагч;
  • Биеийн тамир, спортын зүтгэлтнүүд;
  • Эрдэмтэн, судлаачид;
  • Спорт сонирхогч ба дэмжигчид;

“Биеийн тамир, спорт- Олимпизм- “COVID-19” цахим хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн мягмар гарагийн 19:00 цагаас ZOOM платформоор зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлэгт оролцох нэвтрэх нэр болон нууц дугаарыг тухайн өдрийн 18:00 цагт МҮОХ-ны цахим хуудаснаа зарлах болно. Цахим хэлэлцүүлэг тус бүрийн дараа тухайн сэдэв болгоноор яригдсан санал, дүгнэлтийг эмхтгэн МҮОХ-ны албан ёсны цахим хуудаснаа нийтлэх болно. 

Холбогдох утас: 99040530


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД