СПОРТ НИЙТЛЭЛИЙН БУЛАН: ОЛИМП ХҮРЭХ ЗАМ#2
Огноо:
2020-05-03

Таг:
Мэдээ

Мэдээ

СПОРТ НИЙТЛЭЛИЙН БУЛАН: ОЛИМП ХҮРЭХ ЗАМ#2

TOKYO-202ONE НОХОЙГОО ХОРИВ, ТОЙРСОН УЛСУУД ГЭРТЭЭ ХАРИВ
 
Токио-2020 + 1 жил  = Тоkyo-202ONE

Зуны XXXII олимпийн наадмын цуурай хойтон жил рүү одож, зуузай холбосон аргамаг хөлгүүд нутаг нутаг руугаа буцлаа. “Оргүйд орвол охинтой нь дээр” гэдэг шиг орон орны баг тамирчид дээд тааллыг бишрэн, доод тахлыг жигшин, үхэр жилийн зуны сард болзоотын бор толгойдоо уулзан золгож, “эрийн 33 олимпийн наадамдаа” зодоглох өдрөө тоолон тоолон хүлээхээс өөр аргагүй хувь заяатайгаа эвлэрсэн ч эр чадалдаа эрдэн, эрдэм ухаандаа найднам. Наран ургах зүгийн Наран орны олимпийг үлдсэн жилийн дотор ямар төөрөг тавилан хүлээнэм бэ? Юутай ч гэсэн “Токио-2020” олимпийн энэ нэрийг өөрчлөхгүй гэсний дагуу зарим нь дорхноо ухаан сийлж, “TOKYO-2020+ONE YEAR” буюу “TOKYO-202ONE” гэсэн ухаалаг ёж цол хайрлаад авав. Зүгээр ч юм шиг.


 
Эрхээ авсан нь ч зөндөө
Элдүүрээ хангуулсан нь бишгүй

Олимпийн хөдөлгөөний гол цом нь тамирчид, олимпийн наадмын гол баатрууд нь ч тамирчид гэдэг нь хөдлөшгүй үнэн. Зуны XXXII олимпийн наадамд өрсөлдөх 11,000 тамирчны 57% нь эрхийн бичгээ өвөртөлсөн, үүнийг нь ч Лозанны сейфэнд баттай хадгалсан. ОУОХ-ны захирал К.Дьюби тэргүүтэй ажлын хэсэг хоногт хорин таван цаг хөдөлмөрлөсөөр, олимпийн эрхийн тэмцээнийг VI сарын 29-ний өдрийн лхагва гаригаар тасалбар болгон, VII сарын 5-нд эцсийн мэдүүлгээ Токио руу тамгалан хүргүүлэх лүндэн буулгалаа. Буудлага, морин спорт, зүлэгний хоккей, волейболын хувьд олимпийн эрхийн асуудал аль хэдүйнээ “вандан пад” шийдэгдсэн бол зарим спортынхон дөнгөж 20%-ийн хуваарилалттай “сажлах” жишээтэй. Тэр бүү хэл тэмцээнээс оноо цуглуулах системтэй жүдо, хүндийг өргөлт, дугуйт тэшүүрээс ганц ч хүний нэр тодроогүй, тодрох ч болоогүй налайж байна. Өнөө муу марафон, спорт алхааны тамирчид мөн л Токио хотын “нохой гаслам” аагим халуунд уралдахгүй ч нийслэлээс 800 км хойд зүгт орших Саппород шандас сорихдоо тийм ч тааламжтай бус хандлагатай нь нэгэнт нууц биш. Нийт багийн хүч тарамдах учраас тэр биз ээ. ОУОХ-ны шинэ бодлогын хамгийн түрүүчийн хэрэгжилт нь намиран мандаж байсан Нарангийн олимпод тусгалаа олж, дугуйт тэшүүр, ханан хадны спорт авиралт, далайн давалгаан дээгүүр дүүлэх сёрфинг хавтан, хасагдаад ирсэн софтбол ба бейсбол, Японы үндэсний каратэ/кара-хоосон, тэ-гар гэсэн үг/ тулааныхан анхны олимпдоо дэгэж дэрвэж байсан ч нэг жил хойшилж, нэг анги хүчээр улирав аа гэж. Хамгийн гол нь Токио-1964 оны олимпод үндэсний жүдо бөхөө багтааж, “Токио-2020”-д үндэсний каратэ тулаанаа “чихсэн” япончуудын баярыг "Парис-2024" үргэлжлүүлж чадахгүй урмыг нь хугалах нь. Учир  нь каратэ зодоон нь дараагийн олимпийн хөтөлбөрт багтааагүйд Дэлхийн каратэгийн холбоо/WKF/-ны ерөнхийлөгч Антонио Эспинос/Испани/ бөөн уур ундууцлаа кастиль хэлээр францууд руу овоолоод л. Олимп хойшлогдсон ч хойтон жилийн наадам хол байна даа хол байна, гэвч хоног өдөр өнгөрсөөр л байна хэмээн тайван амгалан бодох нэг нь байхад ирэх жилийн эрхээ цуцлуулж, нүүр улайлгасан спортынхон мэр сэр цухалзана. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо нь саяхан 40 жилийн турш завсаргүй хааны лавринд заларсан, 81 настай мажаар өвгөн Тамаш Аяаныг таягдан чөлөөлсөн бол удаа дараа допингийн ноцтой зөрчил үйлдсэн Тайланд, Египет, Малайзийн холбоодыг олимпод оролцох нэрсээс улаан балаар улалзтал дарлаа. Наадмын дараа ОУОХ нь олимпийн төрлийн холбоодод 540 сая ам.долларын ноогдол ашгийг маркетинг, телевизийн эрх, үзэгчдийн тоо гээд олон үзүүлэлтийг нарийн тооцоолон байж, эрэмбээр нь хуваарилдаг журамтай. “Ацан шалаанд” орж, бараг бүх тэмцээндээ “хэрээст” тавьснаас зарим данс нь улайх аюул тулгарсан, зарим олон улсын спортын холбоод нь ОУОХ-ноос олгодог татаасаа урьдчилан хүртэх саналаа ч чулуудаж эхлэв.


 

Нуувчинд орсон олимпийн бамбар

Олимп уулын бэлнээс гал гуйх ёслол анх удаа үзэгчгүй, эль хуль болж, Японоос ганц ч албан төлөөлөгч ниссэнгүй, харин "Атланта-1996" олимпийн усанд сэлэлтийн тамирчин, өдгөө Афин хотноо НҮБ-ын салбар байгууллага ЮНИСЕФ-т алба хашдаг Наоко Имото л "Tokyo-2020" Зохион байгуулах хороог алан ёсоор төлөөлөн, Грекийн жүжигчин Ш.Георгиан, өндрийг харайлтын олимпийн аварга бүсгүй К.Стефаниди нараас Зевс бурханы таалсан олимпийн бамбарыг залах үүргийг домоглон гүйцэтгэсэн нь дасаагүй болохоор жул санагдсан. “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” гэдэг цоглог уриан дор Японы 47 мужаар 21 хоног аялах галт бамбар одоо Фүкүшима хотын захиргааны нэгэн өрөөнд хав дараастай . Асаалттай л байдаг байгаа даа, тэнгэр минь. Грекийн ариун дагшин Олимпия уулын бэлээс даруухан залсан галт бамбараа 2011 оны газар хөдлөлтөд өртөн, 15000 хүнээ алдсан Фүкүшимагийн оршин суугчдыг хүндэтгэн, тэндхийн босс Масао Үчиборид хүндэтгэлтэйгээр гардуулсан бөгөөд, 50 мянга гаруй хүн үзэж сонирхсоны дараа аюулт өвчнөөс үүдэн, амьтан хүнийг тарааж, ийнхүү цэцгийн дэлбээ мэт хумигдав.

"Токио-2020" олимпийн элч төлөөлөгчөөр сансрын нисгэгч Соичи Ногүчи, Акихико Хошидо, Норишиче Канай нар томилогдoн, олимпийн бамбарыг хүйлэн орчлонд залах өвөрмөц төлөвлөгөө сэдсэн ч одоо гал маань газарт гавтай мэт хадагдав, юун од, нар, сар руу дүүлэх. Мөн 1980 оноос хойш Японд 500 сая ширхэг үйлдвэрлэж, нэн гүйлгээтэй буй “Гундам”, “Заки” гэдэг уран зөгнөлт сансрын баатар хүүхэлдэйнүүд ч одоо хийх ажилгүй гиюүрнэ. Наадмын үеэр олимпийн лого-гоор гоёсон, нэг бүр нь 11$ үнэтэй дээрх тоглоомууд ёстой шожигнох байсан даа.


 
Михаилд бодол бий шүү

Олимпийн наадмыг “огцруулах” дөхөж, ойрхон нэг жилээр хойшлуулахад олон хүмүүс гонсойсон ч цөөнгүй хүмүүсийн толгой тархинд нь “Михаилд бодол бий” гэсэн теором “тог цохижээ”. Хамгийн түрүүнд "Пёнчан-2018" наадамд бангадуулж, төрийн сүлдээ сонсох, хос бүргэдтэй далбаагаа өргөх эрхгүйгээр цагаан олимпод оролцож, одоо ОУОХ (IOC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) -аас улаан жавтий хүртэн, сав л хийвэл Спорт арбитрийн шүүх (CAS)-ийн хаалгыг байнга татаж буй ОХУ-д алдагдсан эрхээ сэргээлгэх аштай сайхан боломж нээгдлээ гэсэн үг.

Спорт арбитрийн шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб түшмэл Оросын допингийн эсрэг агентлаг “RUSADA” хавтаст хэргийн дахин хэлэлцүүлэг VII сараас наашгүй хэмээн архайхад, оросууд архив руугаа дахиад л гүйлдэв. Мөн шүүгчийн булхай, удирдлагын завхрал, хээл хахууль, хоорондын зөрчилдөө тарамдсан Олон улсын боксын холбоо (AIBA) ч гэсэн энэ 365 хоногт дутагдлаа засч, дутуугаа гүйцээн, ОУОХ-ны гишүүнчлэлээ “сэргээн засварлах” алтан боломж бий болсныг анзаарсан байлгүй дээ. Оросгүй олимп, боксгүй олимп онцгүй биздээ. Одоогоор бол цагаан тугтай Орос, цавчаанд сөхөрсөн AIBA л бүлтэгнэж байна даа, хөөрхий! AIBA-гийн Будапешт хотноо товлогдсон их хурал хойшлогдож, одоогийн үүрэг гүйцэтгэгч араб эр Мохаммед Мухтансане (Марокко) мухардан, бас ганц хоёр гишүүн нь гүйцэтгэх зөвлөлөөсөө санаачилгаараа “гоожиж” байхад ОУОХ-ны гишүүн, дэлхийн гимнастикийн босс, “хулганы хамраас цус гаргаж үзээгүй” Моринари Ватанабе тэргүүтэй олимпийн боксын тэмцээнийг зохиох онцгой эрхтэй штабынхан их зантай хөшилдөнө. 


 
Нээгдээгүй нээлт нэг жилийн дараа

"Токио-2020" олимпийн нээлтийн ёслолын соёлын хөтөлбөрийг Италийн мэргэжилтэн Марко Балич удирдаж, уран сайхны удирдагчаар японы Мансай Номура жүжигчин ажиллахаар тохоон томилогдсон байлаа. Нээлтийн ёслол нь өөрийн гэсэн өвөрмөц сэтгэмжээрээ өмнөх олимпоо давах “намын даалгавар” гарцаагүй хүлээсэн нь тодорхой бөгөөд Наран гүрнийхэн хүүхэд залуучуудын хайртай супер Марио, Китти, Доремон, Капитан Цубаса нарыг өргөнөөр татан оролцуулж, нээлтийн үеэр Абе ерөнхий сайд Марио шиг хувцаслах гээд л нууц хөзрөөсөө бага сага дэлгэсэн удаатай. Харин нэг жилийн дотор хорвоо хэрхэн хувьсахыг хэн ч мэдэхгүй тул нээлтийн соёл урлагийн хөтөлбөр ч өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Харин хогийн “Хорооноо” дүр арай сайхан наадамд дүрслэгдэхүй байгаасай л гэж итгэе.


 

Хуучин нь ул , шинэ нь зул

"Токио-2020" олимпийн тоог нь өөрчлөхгүйгээр товыг хойшлуулах амархан ч ар фронтын асуудал бол аймшгийн адармаатай. Бод л доо, бараг бэлэн болж, шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан 41 үндсэн ордон танхим, зочид буудлын 40,000 өрөө, 2000 үйлчилгээн автобус, бүхэл бүтэн тамирчдын тосгон нэг жил “өнчин цагаан ботго” мэт буйлан ганганах боллоо шүү дээ. Мөн хойшлогдсон, цуцлагдсан, шинэчлэгдсэн, уурласан, уцаарласан, бодлогоширсон, боомилсон, шатсан, шаралхсан мянга мянган гэрээ хэлцэл, түүний ард дэлхийн том том боссууд нойлоосоо эхлэнэ гэдэг мөн хэцүү еэ! Бараг л хуучин юм ул болж , шинэ юм зул болох нь ээ!


 

Гавъяаны титэм бус, гайны титэм

Олимпийн түүхэнд дэлхийн хоёр удаагийн цуст дайны харгайгаас 3 олимп/1916, 1940, 1944/ сох тасарч, хоёр удаагийн хүйтэн дайны харгайгаас 2 олимп/1980 ,1984/ цэх бойкотлогдож байснаас энх цагт  энэ муу хижгээс болж, энхрий хайрт олимп маань хойшлогдож байсан үүх түүх үгүй. Одоо өндөр хариуцлагатнуудын “толгойн өвчин” бол ийм содон гажиг, сонин гажуу тохиолдлыг даатгалд хамруулах ч учраа олохгүй дэлхий даяараа гаргалгаа хайн мэлэрнэ, гөлөрнө. Спортын даатгалынхан аливаа тэмцээн наадам цуцлагдах, бүрмөсөн болих, алан хядах террорист ажиллагаанд өртөх эрсдэлтэй тулгарч байсан исгэлэн гашуун туршлага бий. Мөн АНУ-ын 2 өндрийг дайрсан IX сарын 11-ний эмгэнэлт явдал, SARS, ZIKA вирус, Исландын галт уул гэх мэтийг ч дайраад өнгөрсөн. Харин нурамгар царайтай, нууц хөнөөлтэй үхээрийн вирусыг яг хөшиг нээхийн өмнө ийм үлэмж уршиг тарина гэж хэн ч төсөөлсөнгүй, үнэндээ бол анхлан тоогоогүй. Тэгээд ч бүр 2022 оны цагаан олимпийн орон Хятад нь 2020 оны ногоон олимпийн гүрэн Япондоо гавъяаны титэм биш, гайт титэм вирусыг халдаан, үлэмж уршиг тарина гэдэг юутай гаслан. Харин “үхэхээс бусдыг үзсэн” улс төр спортын ертөнцөд “зальт үнэг” хэмээн нэрлэгдсэн ОУОХ-ны Х.А.Самаранч ерөнхийлөгч агсан маань нэг тэрбум ам.долларын “эрсдэлийн сан” дээр үед байгуулж, дараагийн боссуудад залгамжлахыг гэрээслэн үлдээсэн, үнэхээр “хашир хандгай” байжээ. 


 

Тосгоноос төрөх том гишүүд

Наадам болгоны үеэр олимпийн тосгонд байрласан орон орны од сод тамирчид дуу хоолойгоо ОУОХ-нд өндөр дуугаар сонсгох дөрвөн бэрх лугаа 4 гишүүнийг өөрсдийн саналаараа сонгодог ардчилсан журамтай “ард түмэн”. ОУОХ-ны тамирчдын комиссын дарга, Зимбабве улсын иргэн Кирсти Ковентри нь 185 үндэсний олимпийн хорооны 1600 гаруй гишүүн урьдчилан нэр дэвшигчийн өргөдлөө илгээснийг дурьдахын сацуу бүх материалыг бүдүүн, нарийн шүүлтүүрээр сайтар шигшин, шигшмэл сунгаанд шалгарагсдыг наадмаас өмнө нийтэд сонордуулах дүрэмтэй. Азтай дөрвөн тамирчин нь тухайн олимпийн хаалтын ёслолд батламжаа гардан, дээдсийн хүрээлэнд залармой. Монголоос ОУОХ-ны тамирчны комиссын сонгуульд "Сидней-2000" олимпийн үеэр буудлагын Д.Мөнхбаяр, “Бээжин-2008”-д жүдоч Х.Эрдэнэ-Од нар тоосоо өргөсөн удаатай.

Энэ удаагийн атлаа хойтонгийн олимпоор ОУОХ-ны тамирчдын комиссын дарга, олимпийн хошой, дэлхийн гутгаар аварга сэлэгч Кристи Ковентри (Зимбабве), тус комиссын гишүүн, олимпийн хүрэл медальт, таваг буудагч Данка Бартекова (Словак), олимпийн 3, дэлхийн 5 удаагийн дархан аварга, каноэ завьчин Тони Эстангье (Франц), олимп, дэлхийн 10 алтын эзэн, урт сэлүүрт завины тамирчин Жеймс, Томкинс (Австрали) нарын ОУОХ-ны гишүүний бүрэн эрхийн 8 жилийн мандат дуусгавар болж, сонгуулийн сүүлчийн шатанд шалгаран үлдсэн 30 “шинэковууд” дөрвөн “местны” төлөө ОУОХ руу зүтгэх нь тодорхой болсон. 


 
Төмөр мэт түншүүд

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Энэ их хямралын үед олимпийн бамбар л харанхуй хонгилын үзүүрт гэрэлтүүлнэ” гэж айлдсан. Бас саяхан “Токио-2020 олимп нь хүн төрөлхтний тэсвэр тэвчээр, уян хатан ухааны ялалтын их фестиваль болно” хэмээн нэмж өгүүлжээ. Олимпийн хөдлөгөөний их үйлсийн төлөө хамтран зүтгэдэг албан ёсны түнш компаниуд ч хямралын үед хэлсэндээ үгэндээ үнэнч хэвээрээ. Америкийн “P&G” (Procter and Gamble) компаний угаалгын нунтаг, живх, ариун цэврийн нойтон цаас, “Жилетт” сахлын татуурга зэрэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүний борлуулалт нь 9-10% эрс өсч, энэ оны эхний улиралд 17,2 тэрбум ногооны орлого олжээ. Мөн Жек Ма босстой, арабын үлгэр “Али Баба”-гийн нэртэй цахим худалдааны хятад компани ОУОХ-той хамтран, 3 жилийн гэрээ үзэглэж, “CLOUD” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 тэрбум юань (28 тэрбум ам,доллар) зарцуулахаар зориг шулууджээ.

Нөгөөх “Procter and Gamble” компани нь олимпийн тамирчдын ээжүүдийг энэрэх “Thank you, Mom” сэдэвт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсныг спортынхон талархан хүлээн авсан. Олон жилийн түншүүд нь ч олимпийн экстра нэг жилд нүүрээ буруулахгүй үерхэлдээ үнэнч хэвээр гэдэг бол хүндрэлйин үеийн амжилтын үндэс шүү !


 
Ширэн бөмбөг ба шинэ хорин дөрөв

Энэ зун болох байсан "Токио-2020" олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцох "почоонкоо" халаасласан 23 хүртэлх насны залуу хөлбөмбөгчдийн насны асуудал халуун сэдэв болон дүрэлзэв. Ялангуяа Азийн бүсээс цойлсон БНСУ, Австралийн багийн удирдлагууд эрхээ авсан энэ бүрэлдэхүүнийг ирэх жил хэвээр нь “сойж”, онцгой байдлыг харгалзан үзэж, U-24 (Under 24) болгон өөрчлөх тухай өргөх бичгээ өөд нь барив. Үнэнийг хэлэхэд олимпийн хөлбөмбөгийн тэмцээн нь ДАШТ-тэй харьцуулахад тэмээ, ямаа шиг л эрс ялгаатай гэсэн үг. Тэр ч аргагүй. Хөлбөмбөгийн “Мундиаль” нь олимпийн наадамтай өрсөлдөхүйц тэр том нэр хүнд, маркетинг, шижир алт шиг тоглолтууд, эрдэнэсийн их орлогоо хэнтэй ч хуваалцахгүй нь тодорхой. Тэгээд ч олимпийн хөлбөмбөг нь олигтой сонирхол татдаггүй байсан нь үнэн. Энэ байдлыг гярхай анзаарсан ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ж.Авеланжийг ятгасаар байгаад нэг багт 23-аас дээш настай гурав хүртэлх од хөлбөмбөгчийг урих сайхан боломжийн үүдийг нээсэн юм. Тэгээд л 1996 оны олимпийн наадмаас эхлэн, олимпийн зүлэг ногоон дэвжээнээ Х.Савиола, Л.Месси,Агуэро, Клинсман, Pональдинья, Неймар нарын дэлхийн одод олимпийн зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэн, таван тивийн наадамчин олноо баясгасан бөлгөө.

Алаг бөмбөгийн агуу спорт нь анхны Афин-1896 олимпод багтаагүй нь хачирхалтай ч Лос-Анжелес-1932 наадамд угаасаа “футбол”-ыг “соккер” хэмээн хайхардаггүй байсан америкчууд хассан нь харамсалтай. Харин Сэм авгынд “football” гэхээр төмөр хаалт зүүж, регби шиг бөмбөгөө шидэн, бух шиг мөргөлдөн, буга шиг давхилддаг америк хөлбөмбөгтөө ухаан алдддаг улс даа. Гэхдээ энэ “алдаагаа засч”, Атланта-1996 олимпод бүсгүйчүүд ширэн бөмбөгийг албан ёсоор анхлан өшиглөсөн түүх. Ийнхүү олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) нь ОУОХ (IOC)-той нягт хэлэлцэн, анх удаа  U-24 гэсэн насны ангиллаар зуны XXXII олимпийн наадамд хөлбөмбөгийн шилдэг 16 баг өрсөлдөх нь.Өдгөө 16-гаас 14 баг нь Токио-202ONE олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн бөгөөд хойд америк, Карибийн тэнгисийн сав нутгийн бүс нутгаас шовойх хоёрхон “шонхорын” нэр л үлджээ. Нийт олимпийн хөлбөмбөгийн 26 удаагийн тэмцээнд Их Британи 3, Унгар 3, Уругвай 2, Аргентин 2, ЗХУ-ОХУ 2 удаа тус тус “торгон жолоо” өргүүлжээ.Хөлбөмбөгийн тамирчид хойтон өрсөлдөх насаа U-24 болгон өндөрсгөж чадсан бол 15 настай гимнастикчид ирэх жил нэг нас нэмэх тул олимпийн төлөө үзэлцэх боломжоо бас нээлээ гэсэн үг.


 
Дайснаа дарж дархан цолоо мандуулбал ч 

Хорин ондоо хоргодсон, хорин нэг рүү хойшлогдсон Tokyo-202ONE олимп маань дахин нэг жил сунгагдаж магадгүй гэсэн гутранги онолыг Шотландын Эдинбургийн Их сургуулийн анагаах ухааны доктор Дэви Сридар гэнэт мэдэгдэв. Цар тахлын одоогийн тархалт, далайц, давтамж, мутацийн өөрчлөлт, өсөн нэмэн нэмэгдэж буй халдварлалт, үхлийн тоо болон одоо болтол түүнийг нам дарах найдвартай вакцин бэлэн болоогүй, туршаагүй, амьдралд хэрэгжээгүй байгааг АНУ-д төрсөн туршлагатай мэргэжилтэн шударгаар өгүүлж, ОУОХ-ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахыг уриалжээ. Тэгээд ч уг вакцины үр өгөөж хэр хурдан байх, цар тахлын журам дахин сэргэх эсэх гээд л олон тулгамдсан асуудал буйг сэтгэл зовнин алсын хараатай өгүүлжээ. Энэ талаар Токио-2020 олимпийн наадмын ЗБХ-ны гүйцэтгэх захирал Тоширо Муто хойтон товлогдсон олимп маань “шив шинэ” агаад “эв эрүүл” байж чадах эсэх талаар эргэлзэж буйгаа ч хэвлэлийнхэнд ил тод мэдэгджээ.Дээрх үзэл бодлыг дэмжин, Кобе их сургуулийн халдварт өвчин судлалын доктор Кентаро Ивата эх орон нэгтнүүддээ хандан “Ирэх жил гэхэд энэ цар тахлыг үндэсгүй болтол нь дарахад асар их цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Япон улс үүнийг бүрэн устгалаа гэж бодъё. Гэтэл олимпийн наадмын үеэр жил хүрэхгүй хугацааны дараа цугларах 200 гаруй орон дээрх дайснаа дарж , дархан алдраа бадруулах асуудлыг бүгдээрээ зуун хувь шийдвэрлэсэн гэдэг нь хэр итгэл үнэмшил төрүүлэх вэ. Дэлхий даяараа коронавирусыг нам дарсан бүрэн баталгаа яг хэзээ гарах вэ. Энэ цогц асуудлыг ул суурьтай шийдэж байж, олимпийн цэнгэл наадтын асуудлыг хөндөх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байх юм.Бас дээрх хүндрэлийг далимдуулан Японы батлан хамгаалахын сайд асан, ерөнхий сайдын сэнтийгийн төлөө ширүүн өрслдөгч Шигерү Ишида нь 2021 оны улс төрийн сонгуулиас өмнө гэнэт олимпод “хайртайгаа зарлан” Шинзо Абе даргыг өөлж шүүмжилж эхлэх  нь бололтой.


 
Олимпийн гүрний түгшүүрийн харанга

Йокохама хотоос хөдөлж, Оакландын усан буудалд ирсэн “Алмаазан гинж” гэсэн тансаг нэртэй ч Корона-вирус дэлгэрч, тамын тогоо болон хувирсан хөлөг онгоцонд байсан зорчигчдоос 85 япон хүн газар дээрээ газар дэлхийгээсээ хагацсан. Түүнээс хойш ч гэсэн Япон улс амгалан тэнэгэр, ариун дагшин, модон тахиа лугаа уламжлалт хөргөр нярваан дүрээ их хадгалсан. Гэвч япон маск бут үсэрч, эмнэлгийн масканд бут цохиулав. Одоо бол олимпийн дайсан олхиогүй вирус Наран орноор холхиж, улс даяараа онц байдал зарлаж, Дэлхийн III чимээгүй дайнд татагдан оролцохоос аргагүй байдал үүслээ. Олимпийн эзэн гүрэн онц байдал зарлаж, атомын бөмбөг, газар хөдлөлтөөс илүү аюулын харанга дэлдэв.


 

Карантин ба челленж

Дэлхий даяараа корона-вирустэй ид тулалдаж буй торгон галын үед бүх цэнгэлдэх хүрээлэн, ордон танхим, фитнес төв бүгд эзгүйрч, спортгүй бол энэ хорвоо хичнээн уйтгартай болохыг яруу тодоор дахин харуулав.

Энэ бэрх үед Беларусийн хөлбөмбөг, хоккейны лиг юу ч болоогүй мэт үргэлжилж, тэр бүү хэл 11 оронд ТВ дамжуулах эрхээ зарж, түүний дотор А.Лукащенкод дургүй “будант Альбион” хүртэл “хоол болтол шийр зугаа” хэмээн спортын сувгаа Минсктэй холбосон гээд бод л доо. Мөн саяхнаас Тажикстан, Тайвань, Туркменистаны ширэн бөмбөгийн улирал хөшгөө нээсэн л гэх юм. Энэ үед барьц алдаагүй харин ч бүр баярласан спорт бол Е-Sport буюу цахимын тамирчид ажээ. Дээрээ бас хэрэлдсэн олон холбоотой ч дэлхийн цуврал тэмцээний шагналын сан нь нэлээн зузаарсан ажиглагдана.Угаасаа алс зайнаас тоглож сурсан шатарчид ахуй нутгаасаа “цусгүй дайн” өдөөсөөр. Бөмбөрцгийн шатрын хаан, цас мөсний Норвеги улсын Магнус Кристиансен өөрийн нэрэмжит шилдэг 8 шатарчны 250,000 ам.долларын шагналын сантай зиндаа өндөр 8 шатарчны тэмцээнийг эхлүүлэн, олны анхаарлыг татав. Өмнөх нэгэн тэмцээнд Ираны 16 настай шатрын гени гэгдэх А.Фирүжа хүү нь их аваргыг 8,5:7,5 “ёврон”, 14 мянган ногооны шагнал хүртэж, эцэг эхийгээ баярлуулсан сайн жаал. Одоо бас л ах нартайгаа "усгүй талд цусгүй дайтахаар" үзэлцэж байна.Хорвоо ертөнцөөр дүүрэн “SPORT CHALLENGE” уриа дуудлага “ борооны дараах мөөг шиг” олширч, гүйх, суниах, үсрэх, харайх, өргөх, шидэх авъяасаараа хоорондоо үзэлцэж , кайф авах нь нүд эрээлжлэм. 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гэхэд л цагаан халаадтай баатрууддаа баярласнаа илэрхийлж , 30 секунд халуунаар алга таших “Челленж” зарлан, түүнд дэлхийд нэр алдраа гайхуулсан Пеле, Д.Марадона, Д.Бекхем, Ф.Беккенбауэр, Неймар, Месси, Рональду нар өөрийн биеэр алгаа хорстол ташин буйг хараад сэтгэл сэргэм өөдрөг. Ааяа, спорт чи, агуу буюу!


 

Аз нь гийсэн Академи

“Морьтны хишиг явганд” гэгчээр олимп хойшилж, онгорхой үүссэн тул овжин Ерөнхийлөгч Исидорос Ковелос нь Шато-ди-Види шилтгээнд Т.Бахын “хөлд сууж” шалсаар байгаад Oлон улсын олимпийн академийн (IOA) капитал  засварт зориулж, 13 тэрбум ам.долларыг батлуулаад авсан самбаатай грек эр. Ирэх жил 60 жилийн ойгоо тэмдэглэх Олон улсын олимпийн академи (IOA) нь ариун Эллада орны Олимпия уулын бэлд орших бөгөөд жил бүр дэлхийн олимп судлаачдын сургалт, семинар, цугларалт, хурал зохион байгуулдаг бөгөөд МҮОХ, МОҮА нь 2000 оноос эхлэн идэвхтэй оролцдог гишүүн билээ. Олимпийн өлгий нутагт болсон сургалтад Д.Нямхүү (жүдо), Д.Дуламсүрэн (Байт харваа), Ч.Амарсанаа (ширээний теннис), Ц.Баярмаа (волейбол), Б.Хосбаяр (туялзуур сэлэм), А.Заяа (буудлага) гээд манай олон залуус идэвхтэй оролцсон нь бахархалтай.


 

Тамирчдын тосгон тамирчиддаа

Бас нэгэн санаанд оромгүй санал ЗБХ-ны төв штабын ширээн дээр нисэн буув. Одоогоор хоосон буй олимпийн тосгонд kорона-вирусээс сэргийлж, гэр оронгүй 1000 хүнийг түр байрлуулах хүсэлтийг олон нийтийн буяны байгууллага хүсчээ. Манайхаар бол шинэ гэрийн ёслол, тоонот тотгоноосоо цэнхэр хадгаа зүүгээгүй байж явуул, тэнүүл, явган, нүцгэн хүмүүсийг сайхан өргөөндөө хөл тавиулах нь бүү хэл, ойртуулдаггүй монгол ёс заншлаар ч ёстой гонжийн жоо! Тамирчдын ариун гал голомтыг даанч дээ. Харин өөр маягаар өөр гaзарт өгөөмөр сэтгэлээр шийдэж болоx. Тэгээд ч "Токио-2020" маань өөрсдөө өчнөөн их өр ширтэй тулгарсан тул түүнтэй манатай, энэ асуудлыг хариуцах яам, халамжийн газар руу нь хандуулсан сурагтай.


 
Ирэх олимпийн ирээдүй

ОУОХ ба Токио-202ОNЕ ЗБХ-ны хооронд маргаан үүсч, наадам хойшлогдсонтой холбоотой нэмэгдэл зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар толгойгоо гашилгаcaap. Урьдчилсан тооцоогоор наадам сунжирсны зардал чирэгдэл нь 3 тэрбум доллар элбэг шаардах бөгөөд үүний хэдэн хувийг зохион байгуулагч Япон улс гаргах, ОУОХ хэдэн хувийг нь зохицуулах вэ гэсэн нэмэлт гэрээ хараахан бэлэн болоогүй л байна. Гэвч хоёр тал өмнө нь тохиолдож байгаагүй ийм цоо шинэ эрсдэлийг хамтын хүчээр даван туулж л таараа! Өнөөдөр "Токио-1964" наадамд зориулж байгуулсан Комазава олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр цамхаг нь эрүүл мэндийн тэргүүн шугаманд амь, бие хайргүй зүтгэж буй эмч, сувилагч, ажилтнуудад гүн хүндэтгэл үзүүлэн, итгэл төгс ирээдүйг билгэдэн, хөх гэрлээ тодоор асаалаа. “Токио-хорь-хорь” нохойгоо хорив, тойрсон улсууд гэр рүүгээ харив. Хойтон жилийн атлаа “хорь-хорь” олимп маань хол байна даа хол байна. Гэвч хоног өдөр өнгөрсөөр л байна, “хорооноо” шаар өнгөлзсөөр л байна. Хүн төрөлхтөн эвийн хүчээр тахлыг давна, энхийн хүслээр олимпоо аварна! 

CITIUS ALTIUS FORTIUS 

 

Спортын сэтгүүлч

“ОТО” Жүгдэрийн Отгонцагаан

АНУ, Оакланд хот


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД