ОУОХ-ны тамирчдын комисс шинэ даргатай боллоо
Огноо:
2016-08-02

Таг:
Мэдээ, EVENT, Media, Наадмууд, МҮОХ

Мэдээ

ОУОХ-ны тамирчдын комисс шинэ даргатай боллоо

Өвлийн олимпийн аварга, АНУ-н эмэгтэй хоккэйн шигшээ багийн алдартнуудын нэг Анжела Ружьеро ОУОХ-ны тамирчдын комиссын шинэ дарга боллоо. Өчигдөр явагдсан комиссын гишүүдийн санал асуулгаар тэрээр Клаудиа Бокелийн халааг залгах болсон юм. 

1998 оны Наганогийн олимпийн аварга, хоккэйн алдрын танхимд багтдаг Анжела албан тушаалаа хүлээж авсны дараа ирэх хоёр жилийн гол зорилгоо "допингтой тэмцэх" хэмээн тодорхойлсон юм. 

Анжела тамирчдын комиссын дэд даргаар ажиллаж байсан учраас түүнийг энэ даргын албанд дэвшинэ хэмээн олон хүн төсөөлж байсан юм. Тэрээр мөн өнгөрсөн 5 сард "Лос Анжелес 2024" олимпийн танилцуулах багийн стратеги хариуцсан мэргэжилтээр ажилласан юм. 

 

Зураг - ОУОХ-ны тамирчдын комиссын шинэ дарга Анжела Ружьеро 

"Яг одоо допинг бидэнд тулгараад буй хамгийн том асуудал гарцаагүй мөн. Тиймээс би ажлаа эндээс эхэлнэ. Тамирчдын эрх ашгийг хамгаалах асуудал ноцтойгоор яригдаж байгаа энэ үед бид гараа хумхиад сууж болохгүй" хэмээн Анжела ярилаа. 

Наганогоос гадна тэрээр 2002, 2006, 2010 оны өвлийн олимпоос шигшээ багийн хамт мөнгө, хүрэл медалиуд зүүж байсан юм. Улмаар 2011 онд зодог тайлсан бөгөөд тухайн үедээ Анжела альхэдийнэ ОУОХ-ны гишүүн болчихсон байлаа. 

Тамирчдын комиссын дарга болсноор тэрээр ОУОХ-ны удирдах зөвлөлд багтсан Анита ДеФрантзийн дараах хоёр дахь Америк эмэгтэй болж байна. Риогийн олимпод Оросын цэвэр баг, тамирчдыг оролцуулах эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргах гурван хүнтэй ОУОХ-ны удирдах зөвлөлийн багт тэрээр ийнхүү багтаж байна. Тус шийдвэрийг Олимпийн нээлтийн өмнө зарлана.  

 


Таг: Мэдээ, EVENT, Media, Наадмууд, МҮОХ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД