Олимпийн паркт олон орны соёл сүлэлдэн байна
Огноо:
2016-08-07

Таг:
Мэдээ, Наадмууд, Media, EVENT

Мэдээ

Олимпийн паркт олон орны соёл сүлэлдэн байна

Риогийн олимпийн төв цэг "Барра олимпийн парк" хөл хөдөлгөөн ихтэй, өнгө будаг алаглан, олон орны хэл соёл сүлэлдэн, хөгжөөнтэй байна. Хэдий орох хаалган дээр урт дараалал үүсч, халуун наранд шарагдаж байгаа ч олимпийн үзэгчдийн сэтгэл өндөр өөдрөг байгаа аж. Ингээд Өмнөд Америкт анх удаа зохион байгуулагдаж буй хүн төрөлхтний спортын их наадмын үзэгчдийн сэтгэгдлээс хүргэе. 

Америкаас ирсэн Женнифер Маер охин Эммагийн хамт паркын ойролцоо байрлаж буй бөгөөд үндэсний багаа дэмжихээр ирсэн ажээ.

"Дэлхийн бүхий л орны хүмүүс нэг дор цуглаж, аз жаргалтай, эв найртай байгааг харах сайхан байна. Миний амьдралд мартагдашгүй дурсамж эндээс үлдэж байна" хэмээн тэрээр ярив. 

- Женнифер охин Эммагийн хамт 

Риогийн илчтэй нар, Бразил DJ нарын цоглог хөгжим олимпийн паркын уур амьсгалыг хөгжөөж, хүмүүс тасралтгүй аз жаргалтай мөчөө өөрөгт (selfie)-д үлдээн, бүжиж байна. Тэд бүгд энэ мөчийг удаан хүлээсэн нь илт. 

Франц жүдоч Тибау Дико Риод ирэх гэж нилээн бүсээ чангалжээ. Түүний аяллын бүлэг 33 хүний бүрэлдэхүүнтэй Парисаас ирсэн аж. "Мөрөөдлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Би энд ирэх гэж гурван жил төлөвлөж, мөнгөө хураасан. Рио намайг гомдоосонгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй хот юм" гэж тэрээр ярив. 

-  Гурван жил бүсээ чангалсны эцэст Тибау Дико Риод!

Риогийн олимпийн парк өмнөх олимпийн паркуудтай харьцуулшгүй үлэмж. Нийт 16 спортын тэмцээн явагдаж буй 1.18 сая м.кв талбайг эзэлсэн уг том байгууламжийг үзэсгэлэнт уулс, Жакарепагуа тэнгис хүрээлдэг юм. 

Өдгөө Сан Паулуд амьдарч буй Японы иргэн Муракоши Тошие олимпийн үеэр дуртай спорт жүдогоо үзэхээс гадна Японы уламжлалт цайны ёслолыг наадмын үзэгчдэд толилуулж байгаа аж. Японы соёлын яамнаас түүнд энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээлгэсэн аж. 

"Тулааны урлагийн бүхий л спортод би дуртай. Ялангуяа жүдо. Тийм болохоор жүдогийн ордон хавиар л эргэлдэнэ дээ"

- Муракоши Тошие (хөх) найз Эүмика Марута болон түүний хүүхдүүдийн хамт 

Халуун нар, бүгчим цаг агаар "Carioca"-нуудад энгийн зүйл боловч Даниас ирсэн эгч дүүс Лисе, Лесние Миккелсенд яггүй хэцүү байгаа гэнэ. 

"Данийн зуны ид халуунд ч бид ингэж хөлөрч байгаагүй. Гэхдээ Риод сайхан байна. Хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн хүн бүр бидэнд туслахыг хичээж, найрсаг хандаж байна" хэмэн Лисе ярив. Тэд талбайн теннис, бадминтон, гимнастик, усанд сэлэлт зэрэг спорт үзэх аж. 

 

- Дани эгч дүүс. Лисе, Лесние Миккелсен

Америкаас ирсэн Белден Голден "Эндхийн иргэд их элгэмсүү, нөхөрсөг юм. Тэгээд л цаг агаар нь ийм байдаг байх" хэмээв. 

Хэдий орох хаалга, зарим үйлчилгээний газар оочер дараалал тооцоолсноос их үүсч байгаа ч зохион байгуулагчид уг асуудлыг удахгүй зохицуулна хэмээн амлалаа. 

Г.Баярсайхан

 


Таг: Мэдээ, Наадмууд, Media, EVENT

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД