"ПЁНЧАН-2018" - ТОЙМ МЭДЭЭ#2
Огноо:
2018-02-13

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

"ПЁНЧАН-2018" - ТОЙМ МЭДЭЭ#2

2 ДУГААР САРЫН 13

ФУРКАДЫН ЭРГЭН ИРЭЛТ + Ж.АНДЕРСОН ТҮҮХ БҮТЭЭВ
+ БНАСАУ-ЫН СПОРТЫН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

undefined

БИАТЛОН: ФУРКАДЫН ЭРГЭН ИРЭЛТ + ДАЛМАЙЕРЫН 2 ДАХЬ АЛТ

Спринт уралдаанд эзлэсэн байраараа гараанаас гаран өрсөлддөг биатлоны хөөх уралдааны аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд Германы Лаура Далмайер ердөө ганцхан сумаа алдаж буудан, итгэл төгс тэргүүлсээн энэ наадмын 2 дахь алтан медалиа хүртлээ.

Оросын иргэншлээ Словакаар сольсон А.Кузмина маш сайн тэшилтийг хийсээр, 4 сумаа алдсан ч 2-р байрт орж, мөнгөн медалийн эзэн болжээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд энэ тэмцээний гол фаворит Мартин Фуркад сүүлийн 3 байрлалаас нэг ч сум алдалгүй буудсаар алтан медаль хүртэж, хөөх уралдаанд аваргаа хамгаалсан анхны биатлонч болов. Түүнтэй адил ганцхан сум алдсан Шведийн С.Самуэлссон, Германы Б.Долл нар медалийн тавцанд гарлаа. Спринт уралдааны аварга Германы А.Пайффер сүүлийн буудалтандаа 2 алдсанаар бүр 8-р байр луу унажээ.

 

undefined

ЦАНЫН ХАРАЙЛТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД НОРВЕГИ ТАМИРЧИН ДАВАМГАЙЛАВ

Алпенсиагийн харайлтын талбайд Норвегийн М.Лундби хамгийн өнгөлөг нь байж алтан медалийн эзэн боллоо. Түүнтэй Германы К.Алтхаус, Японы С.Таканаши нар хүчтэй өрсөлдөөн үзүүлж, мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Сочид дебютээ хийсэн цанын харайлтын эмэгтэйчүүдийн төрөл улам бүр үзүүштэй болж, тамирчдын амжилт ч ахиж буй нь илт мэдрэгдэж байв.

 

undefined

СНОУБОРД: Ж.АНДЕРСОН ТҮҮХ БҮТЭЭВ

“Сочи 2014”наадамд анх багтсан эмэгтэйчүүдийн слоүпстайл төрөлд түрүүлсэн АНУ-ын Жэйми Андерсон энэ удаад ч олны найдварыг алдсангүй аварга цолоо хамгаалж чадлаа. Ингэснээр тэрээр сноубордын төрөлд 2 алтан медаль хүртсэн цорын ганц эмэгтэй тамирчин болон түүхэнд үлдэж байна. Цаг агаарын хүнд нөхцөлд өрсөлдсөн тамирчдын тал нь тэмцээнээ дуусгаж чадсангүй.

 

undefined

УРАН ГУЛГАЛТ: КАНАДЫН БАГ ИТГЭЛ ТӨГС ТҮРҮҮЛЭВ

Өнгөрсөн наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт багтсан багийн төрөлд Канадын баг түрүүллээ. Хос, бүжгийн болон эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байр эзлэсэн тэд урьдчилсан шатны тэргүүллээ итгэл төгс хадгалсаар 73 оноотой түрүүлсэн нь энэ.

Эмэгтэйчүүдийн төрөлд Оросын А.Загитова олимпийн рекорд оноог эвдэж, бүх тамирчдыг тэргүүлсэн ч хангалттай байсангүй, баг нь 2-р байрт жагсчээ. Харин хүрэл медалийг АНУ-ын баг хүртсэн байна.

 

ӨНӨӨДРИЙН ГОЛ ГУРВАН АСУУЛТ

Кёрлинг: Энэ жилийн наадамд анх багтсан кёрлингийн холимог хосын төрөл өнөөдөр аваргаа тодруулна. Алтан медалийн төлөө Швейцарь, Канадтай, хүрлийн төлөө Норвеги, Оростой тоглох болжээ. Хэн нь түүхэнд нэрээ бичүүлэх бол?

Шорт трэк: Энэ спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг БНСУ-ын шигшээ баг эмэгтэйчүүдийн 500 метрт нэг ч удаа түрүүлж байгаагүй. Нутгийн гол найдвар Чой Минжеонг эх орондоо алтан медаль авчирч чадах болов уу?

Сноуборд: Америкийн залуу од, 17 настай Ким Клое эмэгтэйчүүдийн халфпайп төрөлд түрүүлэх гол фаворитод тооцогдож байна. 2000-аад оныхны амжилтын давлагааг залуучуудын Олимпийн хошой аварга үргэлжлүүлж чадах уу?

 

ХУВААРЬ

Уулын цана: эрэгтэйчүүдийн хос гулгалт /14:00/
Гүйлтийн цана: эрэгтэйчүүдийн спринт /19:00/,             
                             эмэгтэйчүүдийн спринт /19:00/
Кёрлинг: Холимог хос /хүрэл – 08:05, алт – 19:05/
Чарга: эмэгтэйчүүдийн ганцаарчилсан /18:30/
Шорт трэк: эмэгтэйчүүдийн 500м /18:00/
Сноуборд: эмэгтэйчүүдийн халфпайп /09:00/
Тэшүүр: эрэгтэйчүүдийн 1500м /19:00/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО "СПОРТ" ДИЖИТАЛ СЭТГҮҮЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА!

МҮОХ-ны төв хэвлэл “Спорт” цахим сэтгүүл бол дотоодын болон олон улсын олимпийн хөдөлгөөн, спортын ертөнцөд өрнөж буй хамгийн онцлох үйл явдлуудыг танд хүргэх хамгийн баталгаатай эх сурвалж юм.

ТАТАХ
IOS: https://itunes.apple.com/us/app/sport-mongolia/id1336453232…

Android: https://play.google.com/store/apps/details…

 


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД