ОЛИМПИЗМ БА ЁС СУРТАХУУН#1 - БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ГАРЫН АВЛАГА
Огноо:
2018-03-05

Таг:
Мэдээ

Мэдээ

ОЛИМПИЗМ БА ЁС СУРТАХУУН#1 - БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ГАРЫН АВЛАГА

ОЛИМПИЗМ БА ЁС СУРТАХУУН#1

Олимпизм нь хүний бие, сэтгэл, хүсэл зориг гэсэн чанаруудыг тэнцвэртэй хослуулан хөгжүүлэх, нэмэгдүүлэх амьдралын гүн ухаан юм. Олимпизм нь спортыг соёл болон боловсролтой хослуулан хүн төрөлхтний ёс суртахууны үндсэн зарчмуудыг хүндэтгэн баяр бахдал, аз жаргалтай амьдрах суурийг тавихад чиглэгдэнэ.

Энэ бол Олимпийн үзэл санааны нэн тэргүүний зарчим. Тэгэхээр олимпизмийн анхаарлын төвд спортын ёс суртахуунлаг байдал байдаг гэж үзэж болно.

Спортын хөгжлийн тулгын гурван чулууг нэгдүгээрт: оюун ухаан, сэтгэл санаа, хоёрдугаарт: бие бялдар, гуравдугаарт: хэрэглэл материал хэмээн үздэг билээ. Иймээс ёс суртахууны асуудлууд нь орчин үеийн спортын хөгжлийн түгээмэл үндэсний нэг нь юм.

undefined

СПОРТЫН ЁС СУРТАХУУН

Спортын ёс суртахуун нь Хүн нийгэмд ажиллаж амьдрахдаа баримталдаг зан араншин, хүмүүжил төлөвшилтөөс гадна хичээллэн сонирхдог, эсвэл ямар нэгэн байдлаар оролцдог ажил мэргэжлийн онцлогтой уялдсан өвөрмөц онцлогтой хэм хэмжээг баримталж байдаг байна.

Спортын ёс суртахуун нь спортын аливаа үйл ажиллагааны хүрээнд баримталдаг зарчим, мөрддөг ёс заншил, харилцааны хэм хэмжээг илэрхийлж байдаг. Түүнийг хэрэгжүүлэгч нь тамирчин, дасгалжуулагч, багш, спортоор хичээллэж эхэлж буй хүүхэд залуучууд юм. Спортын талбарт ёс суртахуунтай байна гэдэг нь зөвхөн тухайн спортын төрлийн дүрэм, журмуудыг баримтлах төдийгөөр хязгаарлагддаггүй. Түүнд хувь хүний оюун ухаан, эр зориг, мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг.

undefined

Оюун ухаанаараа хүн спортод тэмүүлж буй оргилуун хүсэл эрмэлзлээ болон сонирхон хичээллэж байгаа спортынхоо талбар дахь үйлдэл, зан байдлынхаа алдаа оноог ухаарч, цаашдын төлөвлөгөөг боловсруулж чадна. Тиймээс спортоор хичээллэх эрхэм зорилготой хүүхэд залуучууд та бүхэн оюун ухаанаа хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлэх нь маш чухал, амжилтын нэг чухал үндэс болох юм. Спорт бол хүнээс сэтгэх хурд, авхаалж самбааг шаарддаг бөгөөд болхи бүдүүлэг, ухамсар дорой хүмүүсийн орогнох талбар биш юм. Ардын уламжлалд бяр чадалтай байвч болгоомж сэрэмжээр хайрлаж яв, цэцэн цэлмэг боловч түүнийгээ тэнэг мангар мэт харагдан хамгаалж яв хэмээн сургасан байдаг.

Заримдаа бидний амьдралд дан оюун ухаанаар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсдэг бөгөөд энэ тохиолдолд хүний мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдрэмж нь оюун ухаанаараа олж хараагүй буюу бодлогогүй, анзааргагүй үйлдэл, тохиолдлын өнгө аясыг мэдрэхийн сацуу санаснаа тодорхой үйл ажиллагаа, үйлдэл болгоход ихээхэн түлхэц болдог. Буруу биш юм шиг мөртлөө нэг л таагүй үйлдэл, дэмжмээргүй хирнээ сэтгэлд цаанаа л таашаамаар мөч тохиолдох нь мэдрэмжийн илэрхийлэл.

undefined

Ийм учраас оюун ухаан ба мэдрэмжийн зохицолдоо, харьцаа чухал бөгөөд бодит байдал дээр харилцан бие биенээ нөхцөлдүүлэн оршиж тухайн хүний ёс суртахууны итгэл үнэмшлийг бүрэлдүүлдэг. Тэгвэл эр зориг нь тэвчээртэй, шийдэмгий шинж, сэтгэл зүйн байдал, тодорхой үйлдэл хийхэд бэлэн байх зэргээр илэрдэг. Спортын талбар дахь эгзэгтэй мөчүүдийг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг эр зориг л хүнд олгож өгдгийг мартаж болохгүй.

Спортын ёс суртахуун нь түүхийн явцад өөрийн зарим элементийг эрх зүйн зохицуулалтад шилжүүлж хууль, дүрмийн хэлбэрт оруулсаар ирсэн. Гэвч түүний бие даасан байдал, гүйцэтгэх үйл, ач холбогдол огтхон ч буураагүйгээр үл барам дээрх оюун ухаан, мэдрэмж, эр зоригт тулгуурласан үйл явц спортын амьдралд холбогдох харилцааг зохицуулах гүн гүнзгий хөрс дэвсгэр нь болсоор байгаа, цаашид ч байх болно. Хэрвээ спортын ёс суртахууны энэхүү түгээмэл шинжийг эс хайхарвал спортын талбар дахь харилцаанд доголдол үүсэх, хүмүүжил төлөвшилтөд гажуудал гарах зэрэг зохисгүй нөлөө илэрдэг байна.

undefined

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД